СЗХ-ноос анхааруулга гаргажээ

  • 2026/10/30 14:43


“AURUM FOUNDATION” НЭРТЭЙ ЦАХИМ ПЛАТФОРМООР ДАМЖУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Сүүлийн үед “AURUM FOUNDATION” (aurum.foundation) нэртэй цахим платформ нь “EX-AI Bot”, “EX-AI Pro Bot”, “Zeus AI Bot”, “Aurum Neo-Bank” зэрэг хиймэл оюунд суурилсан виртуал хөрөнгийн арилжаа, цахим банк, хөрөнгө оруулалтын үйлчилгээг санал болгож, сард 10–17.5 хүртэлх хувийн өгөөж хүртэх боломжтой хэмээн сурталчлахын зэрэгцээ шинэ хэрэглэгч элсүүлэх, бусдын оруулсан хөрөнгөөс хамаарсан урамшуулал бүхий олон шатлалт маркетингийн тогтолцоогоор дамжуулан Монгол Улсын иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлж, санхүүгийн пирамидын шинжтэй хууль бус үйл ажиллагаа явуулж болзошгүй байна.

Иргэд, олон нийт та бүхэн тус платформд хөрөнгө оруулалт хийхээс өмнө үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон холбогдох мэдээллийг нягтлан шалгаж, санхүүгийн залилангийн эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг зөвлөж байна. Түүнчлэн уг платформын талаар олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас дараах анхааруулгыг нийтэлсэн байна. Үүнд:

  • Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хороо (SFC) тус платформыг лицензгүй, сэжигтэй виртуал хөрөнгийн арилжааны платформын жагсаалтад оруулсан;
  • Их Британийн Санхүүгийн зан үйлийн газар (FCA) тус байгууллагыг зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ санал болгож байгаа талаар анхааруулсан;
  • Францын Санхүүгийн зах зээлийн газар (AMF) зөвшөөрөлгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн анхааруулгын жагсаалтад оруулсан;
  • Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо (ASIC) тус платформтой холбоотой хөрөнгө оруулалтын эрсдэлийн талаар анхааруулсан;
  • Оросын Холбооны Улсын Төв банк санхүүгийн пирамидын шинж тэмдэгтэй үйл ажиллагааны жагсаалтад бүртгэсэн;
  • Шинэ Зеландын Санхүүгийн зах зээлийн газар (FMA) тус платформыг бүртгэлгүй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болохыг анхааруулсан.

Мөн уг платформоос хөрөнгө татан авах боломж хязгаарлагдсан, үйл ажиллагаа нь доголдсон тухай мэдээлэл гарсан бөгөөд өмнө нь хөрөнгө оруулсан иргэдээс хөрөнгөө буцаан авах, дансаа идэвхжүүлэх, шилжүүлэг хийх нэрийдлээр нэмэлт төлбөр шаардах эрсдэлтэй байна. Иймд гадаад улсад хуулийн этгээдээр бүртгүүлсэн, олон улсын санхүүгийн байгууллагуудын нэр, лого ашигласан, эсхүл хиймэл оюун ухаан, блокчэйн технологид суурилсан гэх мэдээлэл нь санхүүгийн зохицуулалтын байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсныг нотлох үндэслэл болохгүй тул иргэд, хөрөнгө оруулагч та бүхэнд дараах зүйлийг онцгойлон анхааруулж байна. Үүнд:

  • “AURUM FOUNDATION” болон түүнтэй холбоотой нэр, цахим хаяг, Telegram групп, арилжааны платформоор дамжуулан хөрөнгө оруулалт хийх, виртуал хөрөнгө шилжүүлэхээс зайлсхийх;
  • Хөрөнгө оруулалтын өгөөжийг баталгаатай, тогтмол, эрсдэлгүй хэмээн сурталчилсан мэдээлэлд автахгүй байх;
  • Хөрөнгөө буцаан авах, дансаа сэргээх, баталгаажуулах, татвар болон шимтгэл төлөх нэрийдлээр нэмэлт хөрөнгө шилжүүлэхгүй байх;
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, бүртгэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягтлах;
  • Уг платформд хөрөнгө шилжүүлсэн, эсхүл залилангийн шинжтэй үйл ажиллагаанд өртсөн байж болзошгүй тохиолдолд холбогдох гүйлгээний баримт, цахим харилцаа, виртуал хөрөнгийн хэтэвчний хаяг болон бусад нотлох мэдээллийг хадгалж, хууль сахиулах байгууллагад хандах