СЗХ-ны дарга Т.Жамбаажамц БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа

  • 2026/10/23 15:08

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзаж, хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хяналтын тогтолцоо энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буй туршлага, хүрсэн үр дүн болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө. Хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагаа нь зах зээлийн зохицуулалт, хяналт шалгалт, мэдээлэл солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн туршлага хуваалцах чиглэлээр хөгжиж ирсэн. Санхүүгийн зохицуулах хороо нь БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо, Санхүүгийн хяналт, шалгалтын байгууллага болон бусад холбогдох байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сургалт, мэргэжилтэн солилцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил, даатгал, үнэт цаасны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2026 онд БНСУ-ын Санхүүгийн хяналт, шалгалтын байгууллагатай хамтран хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулж, хоёр талын мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох боломжийг өргөжүүлсэн.

Хоёр тал уулзалтаар хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хамтран судлах талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.