Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ B1 түвшинд хадгалж, суурь үнэлгээгээ ахиулжээ
- 2026/10/23 15:05
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B1, төлөвийг тогтвортой түвшинд хэвээр хадгалж, Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд үнэллээ. Харин банкны зээлжих чадварын суурь үнэлгээ (BCA)-г Caa1-ээс B3 болгон ахиулсан байна.
Хөгжлийн банкны зээлжих чадварын суурь үнэлгээ ахисан нь банкны хэрэгжүүлсэн шинэчлэл, засаглалын сайжруулалт, удирдлагын багийн үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой юм. Тухайлбал, Банкны 2026 онд олон улсын болон дотоодын зах зээлд гаргасан бондууд хөрөнгө оруулагчдын дунд өндөр эрэлттэй байж, амжилттай арилжаалагдсан нь зах зээлийн итгэл нэмэгдэж буйг илтгэх үзүүлэлт боллоо.
Эдгээр эерэг үр дүн нь банкны санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Moody’s агентлагаас Хөгжлийн банкны зээлжих чадварын суурь үнэлгээг ахиулахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг болсон юм.
Мөн Moody’s агентлаг 2026 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээний тайландаа Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газрын харьяа бодлогын банк бөгөөд шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг авах боломжтойг онцолжээ.