Хөгжлийн банкныхан намрын мод тарих аянд нэгдлээ
- 2026/10/08 02:26
Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээний хүрээнд энэ сарын 07-ны өдөр Олон үндэстэн – Нэгдмэл эв санаа уриатай “Намрын мод тарих аян”-ыг эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй уг аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох яамдын удирдлагууд, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин нар оролцож, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Хархорум хотод 500 мянган хүн ам оршин суухаар төлөвлөн хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламжтай байхаар тооцоолсон бөгөөд 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж, ургуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, зэвсэгт хүчин, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, банк санхүү, ойн болон модны салбарын байгууллагууд нийт 900 мянган мод тариад байгаа юм.
Дашрамд дурдахад, банкны салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлэн “Тэрбум мод сан”-г 2022 онд байгуулсан юм. Тус сан нь өнөөдрийн байдлаар үндсэн таван чиглэлээр нийт 116 төслийг санхүүжүүлж, 7 сая орчим мод тарьж, арчилгаа, хамгаалалтыг нь хариуцан ургуулж байна.
Хөгжлийн банкны хамт олон ногоон байгууламжийг өргөжүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, байгууллагын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод сан”-гийн үйл ажиллагаанд нэгдэн, жил бүрийн бүх нийтээр мод тарих өдрүүдэд идэвхтэй оролцож ирсэн.