ОХУ-тай хиллэдэг боомтуудад хяналт тавьдаг гаалийн газар, хороодод шуурхай үүрэг, чиглэл өглөө

  • 2026/10/08 17:33

Монгол Улсын ГЕГ-ын Хяналт, хорио цээрийн газраас ОХУ-тай хиллэдэг боомтуудад хяналт тавьж ажиллаж буй харьяа гаалийн газар, хорооны удирдлага, чиглэл хариуцсан албан хаагчидтай шуурхай хуралдаан зохион байгуулав. 

Тус шуурхай хуралдаанаар хилээр орох  зорчигчдын эрүүл мэндэд тогтмол хяналт тавих, тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг  тасралтгүй  хэрэгжүүлж, халдварын шинж тэмдэг бүхий зорчигч илэрвэл нарийвчилсан тандалт хийн, биеийн халууныг давтан хянаж “мэдээ дамжуулах схем”-ийн дагуу шуурхай дамжуулах талаар чиглэл өгч, мэдээлэл солилцлоо.
Мөн холбогдох хилийн боомтод ажиллаж буй  хилийн хяналтын болон бусад байгууллагын ажилтан, албан хаагчдад мэдээллийг нэг шугамаар хүргэж, халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх,  термокамер, термометрийн хэвийн ажиллагааны бэлэн байдлыг хангаж, гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэх, ачих, буулгах, шилжүүлэн ачих ажиллагаа болон зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийх ажиглалтыг эрчимжүүлэн гаалийн хяналт, шалгалтын  үр нөлөөг дээшлүүлэх ажлыг чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах чиглэл өглөө.