Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах терминалын агуулах байгуулах газартай танилцлаа
- 2026/10/08 12:20
Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 60 мянган.м.куб багтаамжтай терминал агуулах байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулах терминалын агуулах барих ажлын явцтай Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар танилцлаа.
Терминалын агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, байгуулахаар судалж байгаа бөгөөд ингэснээр хүн амыг 14-өөс доошгүй хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх юм.
Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн иж бүрэн терминал агуулахыг ашиглалтад оруулснаар нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалт сайжирч, төрөл бүрийн гамшиг, хүн амын гоц халдварт өвчин, цар тахлын улмаас хорио цээр тогтоох, хил хаагдах зэрэг эрсдэлтэй нөхцөл үүссэн үед үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн зориулалт бүхий нөөцийн барааны нэр, төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай улсын нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой.