“GLOBAL MEETING 2026” олон улсын уулзалт Каир хотод боллоо

  • 2026/10/02 22:29

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай санхүүжилт болон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын туршлага солилцох зорилгоор CERISE+SPTF-ээс зохион байгуулсан “Global Meeting 2026” арга хэмжээ Египет Улсын Каир хотноо боллоо. Тус арга хэмжээнд санхүүгийн салбарын 26 улсын 370 гаруй оролцогч, тэр дундаа олон улсын байгууллага, санхүүгийн зохицуулагч, бодлого боловсруулагч, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон салбарын бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай санхүүжилт, санхүүгийн хүртээмж болон банк бус санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцлоо.

Монгол Улсаас Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, тус газрын мэргэжилтэн Г.Номин-Эрдэнэ, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхзул, “ЛэндМН ББСБ” ХХК-ийн Борлуулалт, хамтын ажиллагаа хариуцсан захирал Г.Энхжаргал нар оролцож, олон улсын туршлагаас суралцан, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон хариуцлагатай санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

Энэ жилийн олон улсын уулзалт нь “Харилцагчийг чадавхжуулах, хамгаалах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, санхүүгийн хэрэглэгчийг чадавхжуулах, хамгаалах, санхүүгийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, хариуцлагатай санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын сайн туршлага, арга барилыг хэлэлцлээ. Уулзалтын хүрээнд “Regulator Dialogue” зохицуулагч байгууллагуудын хэлэлцүүлэг болж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт, өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, зээлийн үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх тогтолцоо, зах зээлийн зан үйлийн хяналт зэрэг асуудлаар улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагын талаар санал солилцов.

Тус уулзалт нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр зохицуулагч байгууллага, санхүүгийн салбарын оролцогчид болон олон улсын байгууллагуудын хооронд мэдээлэл, туршлага солилцох, харилцан суралцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.