Тогтвортой санхүүжилтийг хөрөнгө оруулалттай уялдуулах хамтын ажиллагааг хэлэлцжээ

  • 2026/08/24 14:18

Санхүүгийн зохицуулах хороо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Тогтвортой санхүүжилтийн тогтолцооноос хөрөнгө оруулалт руу: Олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь – Монгол Улсын туршлага, сургамж” сэдэвт арга хэмжээг өнөөдөр /2026.08.24/ зохион байгууллаа. Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөрөнгө оруулалтын бодит боломж болгон хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС Холбоо)-ны төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр тогтвортой санхүүжилтийн бодлого, зохицуулалтын орчныг бодит хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилт татах боломжтой төслүүдийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцжээ. Түүнчлэн тогтвортой санхүүжилтийг бодит эдийн засаг, хөрөнгө оруулалттай үр дүнтэй холбох, олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилт, техникийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцсон байна. Мөн Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээ (SBFN)-ний төлөөлөл хөгжиж буй зах зээл дэх тогтвортой санхүүжилтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлага, туршлага, сургамжийн талаар танилцуулсан юм.