"Оюу толгой" эрчим хүчний найдвартай байдалд хувь нэмэр оруулах дэд бүтцийг ашиглалтад орууллаа
- 2026/08/03 14:19
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг өнөөдөр /2026.08.03/ ашиглалтад орууллаа. “Оюу толгой” компанийн санхүүжилтээр баригдсан энэхүү байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүний үр дүнд 80 МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмэлтээр импортлон Өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачаалал буурах юм.
Ил хуваарилах байгууламжийн нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлсэн үгэндээ “Энэхүү байгууламж нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм” хэмээн онцолжээ. Тэгвэл “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бүх талууддаа талархал илэрхийлье. “Оюу толгой” компани Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж бий болгохоос гадна эрчим хүч, дэд бүтэц зам тээвэр, хүний нөөцийн хөгжил зэрэг олон чиглэлээр бодит хувь нэмэр оруулах ёстой гэж бид үздэг. Иймээс энэхүү байгууламжийг бүтээн байгуулах ажилд манлайлан оролцож, хамтран ажилласандаа баяртай байна” хэмээлээ.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж, 2025 онд оргил ачааллын үед 1700 МВт хүрсэн бөгөөд цаашид тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна. Ийнхүү дэд бүтэц шинээр байгуулан, нэмэлт эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа нь цахилгааны хязгаарлалт багасаж, нэгдсэн сүлжээ найдвартай, тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй юм. Жишээ дурдахад нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээ 84.7 МВт байдаг бол Сүхбаатар дүүргийн 55,000 хэрэглэгч нийт 90.4 МВт эрчим хүч хэрэглэдэг байна.
2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан бөгөөд 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюу толгой” компанид гаргасан. Барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК шалгарч, барилгын ажил 2024 онд эхэлсэн. Оюу толгойн уурхайн цогцолборт байрлах 220 кВ-ын зургаан оруулгатай, гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт баригдсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох чухал дэд бүтэц юм. Ингэснээр уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэхэд нэг алхмаар урагшиллаа. Мөн тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан нь эрчим хүчний салбарын урт хугацааны хөгжил, тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төсөл Эрчим хүчний яам, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв", “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп компани болон дотоодын гүйцэтгэгч компаниуд, мэргэшсэн багуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжлээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600,000 гаруй хүн/цагийн хөдөлмөрийг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.