Монгол Улсын гадаад валютын нөөц 7.73 тэрбум ам.долларт хүрэв
- 2026/06/10 18:49
Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны тавдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 7,733.05 сая ам.долларт хүрчээ. Энэ нь оны эхнээс 727.8 сая ам.доллароор буюу 10.4 хувиар, өмнөх сараас 406 сая ам.доллароор буюу 5.5 хувиар өсөж түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

Гадаад валютын улсын нөөц ийнхүү өсөхөд он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөлттэй, дотоодын арилжааны банкуудын гадаад эх үүсвэр таталт өндөр байсан нь голчлон нөлөөлсөн байна. Гадаад валютын улсын нөөцийн энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм.