Хөгжлийн банкны шинэчлэлийн гурван шийдэл

  • 2026/05/25 14:31

Монгол Улсад хөгжлийн банк хэрэгтэй, хэрэггүй тухай хэлэлцүүлэг хаана нэгтэй сонсогддог. Бага орлоготой гэсэн ангиллаас гараад 20 жил болж буй, жижиг эдийн засагтай, нийгэм, дэд бүтцийн олон томоохон төсөл хэрэгжүүлэх шаардлагатай Монгол Улсад хөгжлийн банк хэрэгтэй гэж эдийн засагчид, олон улсын шинжээчид үздэг. Тиймээс ч 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг анх баталж, үүний дагуу Хөгжлийн банкийг байгуулсан түүхтэй. Гэвч 15 жилийн нүүрийг үзэж буй Хөгжлийн банк улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадсангүй.

Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан олон хүн хууль зөрчсөн нь нотлогдож, эрүүгийн хариуцлага хүлээлээ. Их хэмжээний чанаргүй зээлтэй болж, дампуурлын ирмэгт тулав. Энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ихээхэн түгээсэн учраас нурших нь илүүц. Нэгэнт хөгжлийн банк хэрэгтэй юм бол хэрхэн сайжруулах вэ. Шинэчлэлийн шийдлүүд юу байна вэ гэдэгт анхаарах нь зүй. Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлага шинэчлэлийн олон шийдлийг ярьж байна. Улмаар шинэчлэлийн санаачилгуудаа ажил хэрэг болгохоор Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр банкандаа цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болжээ. Тэдний шинэчлэлийн санаачилгуудыг гол гурван хэсэгт хувааж болохоор харагдав.

Хариуцлагатай уясан шийдвэр

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ 2011 онд баталсныг дээр дурдсан. Уг хуулийг шинжээчид Өмнөд Солонгос, Японы хөгжлийн банкны эрх зүйн зохицуулалтын 1970-1980 оны загварыг хуулбарласан гэдэг. Энэ нь зах зээлийн баримжаа багатай, Засгийн газрын нөлөөллийг нэлээд тусгасан зохицуулалт байсан. Тодруулбал, Засгийн газраас санхүүжүүлэх төслүүдийг тогтоож өгдөг зохицуулалттай. “Энэ зохицуулалт буруу байна” гээд Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулсан. Ингэхдээ зах зээлийн баримжаанд тулгуурласан, банкны удирдлагууд шийдвэр гаргах эрхтэй байхаар зохицуулсан юм. Гэвч амжилт олоогүй. Удирдлагын буруу шийдвэрийн улмаас хөгжлийн банк 1.2 их наяд төгрөгийн муу зээлтэй болж, санхүүгийн хүндрэлд ороод байна. 

Харин УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ хуулийг нь сайжруулах төсөл боловсруулсан. Одоогийн удирдлага нь уг хуулийн төслийг улам сайжруулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрх байнга өөрчлөгдөж ирсэн түүхтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг дамжсан удаатай. Хувьцаа эзэмшигчийн эрх ингэж олон өөрчлөгдсөн нь бодлогын тогтвортой байдлыг алдагдуулж, банкийг хүндрэлд оруулах гол шалтгаан болсон гэж одоогийн удирдлага нь үзэж буй. Тиймээс уг банкны бодлогыг Эдийн засаг, хөгжлийн яам тогтвортой барьдаг байх учиртай гэж үзэж байна. 

Алдаатай бодлого, шийдвэр гаргалаа гэхэд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй явж иржээ. Тиймээс хуульд гаргах шийдвэрийн ард ямар хариуцлага хүлээж байгааг тусгаж өгөх гэнэ. Алдаатай шийдвэр гаргасан бол хариуцлагаас мултрахгүй гэсэн үг. Мэдээжийн хэрэг шийдвэр гаргах процесс улс төрөөс хараат бус ёстой. Улс төрөөс хараат байдлаар шийдвэр гаргавал өмнөх алдаагаа л давтана. Мөн гаргаж буй шийдвэр ил тод байх шаардлагатай. Ил тод байхгүй бол хөшигний ард хэн яаж хөөдөхийг мэдэхгүй. Хөгжлийн банкны шинэ хуулийн үндсэн зарчим хариуцах эзэнтэй, хариуцлагатай шийдвэр гаргадаг, ил тод байхад төвлөрөх нь.

Хөгжлийн банкны хувьцааг олон улсын санхүүгийн байгууллагуудад худалдах санаачилга гаргадаг. Одоогийн хуулиар ч ингэх нь нээлттэй гэнэ. Шинэ хуульд ч Хөгжлийн банкны хувьцааг Засгийн газраас бусад хөрөнгө оруулагчид арилжих зохицуулалтыг нээлттэй үлдээх юм байна. Харин санхүүгийн хүндрэлд орсон Хөгжлийн банкны хувьцааг худалдаж авах хүн одоохондоо олдохгүй. Банкны чадавх нэлээд сайжирсны дараа энэ асуудал хөндөгдөх болов уу.

Шинэ хуульд Засгийн газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцтэй төслүүдийг санхүүжүүлэхээр тусгах нь. Тэгэхээр 2016-2020 оных шиг орон сууцны барилга, жижиг үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхгүй гэсэн үг. Мэдээжийн хэрэг ямар төсөл санхүүжүүлэхээ Хөгжлийн банкныхан өөрсдөө шийднэ. Дээрээс нь хувийн хэвшлийн санхүүжүүлж чадахгүй төсөлд зээл олгох гэнэ. Ингэхдээ тухайн төслийг 100 хувь санхүүжүүлэхийг урьтал болгохгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг хэлбэртэйгээр зээлэх юм байна. Түүнчлэн төсөл, хөтөлбөр хөгжүүлэх чиглэлээр ажиллах зохицуулалтыг хуульд тусгах гэнэ. Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал А.Энхжин “Хууль шинэчлэлээ гээд бүх зүйл сайхан болчихгүй. Хөгжлийн банкны чадавхийг ерөнхийд нь сайжруулах хэрэгтэй. Хуулиа ерөнхий зохицуулалттай боловсруулаад, үйл ажиллагааны журам, дүрмээ сайн жишигт нийцүүлж батлаад, түүнийгээ хөдөлбөргүй мөрдөх нь илүү үр дүнтэй гэж харж байгаа” гэв. 

Чадалтай банк

Үнэлгээ хийгээд үзэхэд Хөгжлийн банкны уруудан доройтох шалтгааны гол нөхцөл нь хууль биш байжээ. Харин хүний нөөцийн чадавх сул, дотоод дүрэм, журмын зохицуулалт муу гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс хуулиа сайжруулахаас гадна шинэчлэлийн төлөвлөгөөний томоохон ажил нь хүний нөөцөө чадавхжуулах, шийдвэр гаргалтын дүрэм, журмаа хий зайгүй болгох аж. Мэдээжийн хэрэг зээлийн шийдвэр гаргалтын дүрэм, журмыг маш нарийн зохицуулалттай болгох хэрэгтэй. Том улстөрч ч нөлөөлж чадахааргүй болгохгүй юм бол Хөгжлийн банк дөнгөнөөсөө гарахгүй. 

Хүний нөөцийн хувьд ч Хөгжлийн банк маш тогтворгүй байгаа. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ТУЗ-ийг нь 11, гүйцэтгэх захирлыг нь есөн удаа сольсон гэхээр хүний нөөц нь маш тогтворгүй байсан нь анзаарагдана. Гүйцэтгэх захирал бүр нь өөрийн багийн хүмүүсээ томилж, халаа сэлгээ хийсэн гээд төсөөлөөд үз. Хүний нөөц нь тогтвортой, чадвартай байж тухайн байгууллага хөгждөг нь зүй ёсны хэрэг билээ. Чадавхтай байгууллагад улстөрчид нөлөөллөө тогтоох гэж зүтгээд байдаггүй. Учир нь нөлөөлөх гэж зүтгэх тусам нь тухайн улстөрчийн нэр хүнд унаж байдаг. Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаа, хүний нөөц бохирыг босго давуулахгүй чадалтай болчихвол оролдохгүй хүсэхгүй л болов уу.

Мөнгөтэй банк

Монгол Улсын Хөгжлийн банк санхүүгийн утгаараа дампуурсан гэж нэгэн эдийн засагч хэлсэн. Эрсдэлийн санд хуримтлуулсан мөнгө нь өөрийн хөрөнгөтэй нь тэнцчихээр ингэж хэлэхээс аргагүй. Ойрын үед Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг нь бууруулах арга хэмжээ авах ёстой. Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанид Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх үүрэг өгсөн. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хуралдаж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх учиртай. Тэгэхээр тун удахгүй Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, активын чанар нь сайжраад явчих нь. 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тоннд хүргэх төсөлд Хөгжлийн банк санхүүжилт олгосон. Эл санхүүжилт 460 тэрбум төгрөгийн муу зээл болчихсон. Засгийн газар Хөтөлийн үйлдвэрийг мэдэлдээ концесс эзэмшигчээс эргүүлж мэдэлдээ аваад буй. Тэгэхээр Засгийн газар Хөтөлийн муу зээлийг шийдчихвэл хөгжлийн банкны санхүүгийн байдал улам сайжирна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк чөлөөт мөнгөн урсгалтай болно. Мөнгөтэй болсон банк яах билээ, хөгжлийн зээлээ олгож эхэлнэ. Сүүлийн зургаан жил зээл олгоогүй Хөгжлийн банк тун удахгүй олон улсын санхүүгийн банктай хамтран хамтын санхүүүжилт хийж эхлэхээр төлөвлөж буйг тэргүүн дэд захирал А.Энхжин дуулгаж байна лээ.