Хөгжлийн банк арьс, шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр болжээ

  • 2026/05/05 17:04

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийг байгуулснаар Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг”-ээр дамжуулан дотоодын ноос, ноолуурын салбарын боловсруулах үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, арьс боловсруулах технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болов.

“Ди Би Эм лизинг” компанид одоогоор санхүүжилт хийх боломжтой 100 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө байгаа аж. Хэрэв тус компаниас санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах эрэлт нэмэгдвэл гадаадаас валютын санхүүжилт татах боломж өргөн байгаа гэнэ.  

Санамж бичгийн хүрээнд төрийн бодлого, хөгжлийн санхүүжилт, санхүүгийн түрээсийн уялдааг ханган ажиллаж, дараах үр дүнд хүрнэ гэж төлөвлөжээ. Тодруулбал, дотоодын ноос ноолуурын салбарын техник, технологийн шинэчлэлийг санхүүгийн лизингийн үйлчилгээгээр дамжуулан үр ашигтай хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлээс өртөг хямд, хугацаа урт шинэ эх үүсвэрийг татан төвлөрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах замаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх аж.