Намибиа улсын Төв банкны төлөөлөгчид Монгол Улсын ногоон санхүүжилтийн бодлоготой танилцлаа

  • 2025/12/16 19:58

Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийн хүсэлтийн дагуу Бүгд Найрамдах Намибиа Улсын Төвбанкны төлөөлөгчид Монгол Улсын тогтвортой санхүүгийн стратегийн хөгжил, хэрэгжилт, хүртээмжтэй болон ногоон санхүүжилтийн бодлого, зохицуулалтын туршлагатай танилцах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороонд энэ өдрүүдэд ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан бөгөөд ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, бодлогын орчныг боловсронгуй болгох, ногоон санхүүгийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд хэрэгжүүлж буй онцлох бодлого, арга хэмжээнүүдээс танилцууллаа. Мөн тогтвортой болон уур амьсгалын сэдэвчилсэн өрийн хэрэгслүүдийг зах зээлд нэвтрүүлэх, ил тод байдал, тайлагналын тогтолцоог сайжруулах, ногоон төслүүдийг үнэлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан юм.

Үүний дараа төлөөлөгчид Монгол Улсын үндэсний тогтвортой санхүүгийн экосистем дэх үүрэг, оролцоо, хүртээмжтэй ногоон санхүүжилтийн чиг хандлага, ногоон бондын хөгжил, санхүүгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, сэндбокс зохицуулалтын туршлагатай танилцаж, санал солилцов. Мөн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тогтвортой санхүүжилтийг дэмжих бодлого, зохицуулалтын хэрэгжилтийн талаар туршлага солилцохын зэрэгцээ Монголын тогтвортой санхүүгийн холбооноос тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл авлаа.