Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх хэлэлцээрийг эхлүүллээ

  • 2025/10/31 12:09

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний өнөөдөр эхлэж, талууд тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурав.

Протоколд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан байна. Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцжээ.

Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлийг авч хэлэлцэхээр тогтжээ. Менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. 

“Рио тинто” группээс гаргасан хэвлэлийн мэдээнд “Оюутолгой нь дэлхийн тэргүүлэх зэсийн уурхайнуудын нэг болох хөгжлийн замдаа гарсан энэ чухал үед бид зах зээлийн зарчимд тулгуурласан, харилцан ашигтай үр дүн гаргахын төлөө Монгол Улсын Засгийн газартай нээлттэй, тууштай хамтран ажиллах болно” гэжээ.