"Эрдэнэс Тавантолгой"-нхон Хятадын SXCOAL.COM-той хамтран ажиллана

  • 2025/08/27 12:55

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт болон компанийн зарим удирдлагууд Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн сантай, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч платформ SXCOAL-ийн төлөөлөлтэй ӨМӨЗО-ны Хөх хотод уулзжээ. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар компанийн үйл ажиллагааг танилцуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр, хүргэж өгөх нөхцөлийг сайжруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар SXCOAL-ийнханд мэдээлэл өгсөн байна. 

Нүүрсний борлуулалт, тээврийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд экспорт нэмэгдэж, тээврийн хүргэж өгөх хугацаа хэд дахин багассан ч зах зээлд оролцогчдод мэдээлэл дутмаг хүрч байгааг тэрбээр онцолжээ. “Эрдэнэс Тавантолголгой” компани дуудлага худалдаа зарласны дараа зах зээлд нүүрсний үнэ унахад компани арилжаа хийхийн өмнө дуудлага худалдааны үнээ бууруулдаг ч худалдан авагч талд мэдээлэл шуурхай хүрч чадахгүй байгаа аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэх компанийн зах зээлд зарлагдаж буй үнийн мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, тээвэр болон биржийн арилжааны нөхцөлд гарч буй өөрчлөлт зэргийг тогтмол SXCOAL-ийн хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх асуудлаар урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа манайхан илэрхийлсэн байна.

SXCOAL.com сайтад “Монголын нүүрс” гэсэн булан байдаг ч “Эрдэнэс тавантолгой” компанийн биржийн арилжааны мэдээлэл Монголын хөрөнгийн биржээр дамжиж ирэхээр хугацаа алддаг.  Хэрэв арилжааны мэдээллээ шууд бидэнд өгвөл эцсийн хэрэглэгчдэд цаг алдахгүй хүргэх бүрэн боломжтой гэдгийг sxcoal-ийн удирдлагууд хэлсэн байна.  SXCOAL-ийн хувьд зах зээлийн дүн шинжилгээнд үндэслэн хэрэглэгчдэд хамгийн боломжит хувилбарыг санал болгодог. Хятадын эцсийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа Монголын нүүрсийг Хятадын нүүрстэй холиод хольсон нүүрс ямар чанартай байхаас шалтгаалж ямар хэрэглэгчид хүргэх вэ гэдэг үйлчилгээ эхлүүлж байна. Зах зээлд хүлээлт үүсгэж буй хольсон нүүрс гаргах үйлчилгээнд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцолжээ. Энэхүү уулзалтаар хоёр тал урт хугацаанд хамтран ажиллах талаар санал нэгдсэн аж.