Монголд тийбол спортыг хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна

  • 2025/04/24 19:34

НИТХ-ын дарга А.Баяр Япон улсад айлчилж буй. Тэрбээр айчлалынхаа хүрээнд Японы Анан хотод ажиллажээ. Энэ үеэр А.Баяр Анан хотын удирдлагуудтай Монголд тийбол спортыг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Тэрбээр бэйсболын суурь болсон энэхүү спортыг Монголд амжилттай нутагшуулан ажиллаж байгаа Монголын Тийболын үндэсний холбоог онцлоод, Монгол Улсын өргөмжит консул Каваучи Широ Монголын ирээдүйн төлөө, хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. 

Мөн тэрбээр “Монголчууд бэйсболын мэргэжлийн тамирчинтай болж тив, дэлхийд өрсөлдөх мөчийг ойртуулж, суурийг бэлдэх нь бидний үүрэг. Тиймээс Тийболыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч, бэйсбол, тийболын талбай барих газрыг шийдсэн. Сургагч багш нарыг бэлдэж, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна” хэмээжээ.