Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
- 2026/10/28 15:14
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх "Санхүүгийн хэрэглэгчийн эрх хамгаалалт" хэлэлцүүлэг энэ сарын 27, 28-ны өдөр боллоо.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, М.Мандхай, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар удирдан явуулж, хуулийн төслийн үзэл баримтлал, гол зохицуулалт, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчны өнөөгийн байдал, зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос мөн хөрөнгийн зах зээл, банк бус санхүү, даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээ, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын туршлагын талаар танилцууллаа.
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Энэ хүрээнд хуулийн төсөлд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, мэдээллийн ил тод байдал, хэрэглэгчтэй харилцах харилцаанд тавигдах нийтлэг шаардлагыг тусгажээ. Ингэснээр хэрэглэгч санхүүгийн үйлчилгээ авахын өмнө шаардлагатай мэдээлэлд үндэслэн сонголт хийх, эрх, үүргээ ойлгох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд хамгаалуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
Хуулийн төсөлд санхүүгийн хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож буй болон авч буй хувь хүн, түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад хамаарах бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байхаар тодорхойлсон байна. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас олгосон зөвшөөрөл, бүртгэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг этгээд хамаарна. Үүнд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт цаасны компани, даатгалын компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг санхүүгийн салбарын оролцогч багтаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, зардлын ил тод байдлыг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүргийн тэнцвэрийг хангах, хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх болон эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах эрх зүйн үндэс бүрдэх ач холбогдолтой. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар санхүүгийн зах зээлийн тогтвортой, хариуцлагатай хөгжлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь зөвхөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал бус, санхүүгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, зах зээлийн оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих чухал нөхцөл юм. Иймд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь санхүүгийн салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Хэлэлцүүлэгт үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн салбарын оролцогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилтийн боломж, санхүүгийн салбарын онцлогт нийцүүлэх асуудлаар санал солилцов. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нэгтгэн судалж, хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хуулийн төсөлд тусган, боловсронгуй болгох юм.