“Цэнхэр бонд гаргах удирдамж” боловсруулжээ
- 2026/10/26 15:15
Санхүүгийн зохицуулах хорооноос тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлд байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын онцлогт нийцүүлэн боловсруулсан “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг олон нийтэд танилцуулав. Уг удирдамж нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, цэнхэр санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн цэнхэр бонд гаргах, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, үнэлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон үр нөлөөг тайлагнах үндсэн зарчмуудыг тодорхойлсон. Ингэснээр үнэт цаас гаргагч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын цэнхэр санхүүжилтийн талаарх нэгдсэн ойлголтыг бүрдүүлж, санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Монгол Улсын усны хэрэглээний дийлэнх хувийг газрын доорх ус хангадаг. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны бохирдол, экосистемийн доройтол зэрэг хүчин зүйл нь усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, тогтвортой менежментийг бэхжүүлэх шаардлагыг улам нэмэгдүүлж байна. Эдгээр сорилтыг шийдвэрлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн боломжийг үр ашигтай ашиглах нь чухал ач холбогдолтой юм.
Дэлхийд далайд гарцгүй 44 улс байдаг ч эдгээр улсын онцлогт нийцсэн цэнхэр бондын удирдамж төдийлөн хөгжөөгүй байна. Монгол Улс цэнгэг усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглахад чиглэсэн санхүүжилтийн хэрэгцээнд тулгуурлан энэхүү удирдамжийг боловсруулсан нь далайд гарцгүй бусад улс орны хувьд жишиг болох боломжтой юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бодлого, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, цэнхэр санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн санхүүгийн зах зээлийн оролцогчдод цэнхэр бонд гаргах боломжийг бүрдүүлэх, холбогдох зохицуулалтын орчныг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулсан нь тогтвортой санхүүжилтийн хэрэгслийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлээр дамжуулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, цэнхэр санхүүжилтийн зах зээлийг олон улсын сайн туршлага, стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.
Удирдамжийг Голомт банкны санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран боловсруулжээ.