Факторингийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
- 2026/10/19 13:47
УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Факторингийн тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнесийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, зээлийн үйлчилгээнээс ялгаатай санхүүжилтийн суваг болон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна. Ялангуяа зах зээлийн зарчимд нийцсэн, олон тулгуурт санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байгааг онцоллоо.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн зохицуулах хороо зээлээс бусад санхүүжилтийн үйлчилгээг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн сувгийг бий болгох факторингийн үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон юм. Манай улсад факторингийн харилцаа, үйлчилгээ эрх зүйн зохицуулалтгүй байгаа бөгөөд 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зөвхөн нэр томъёоны тодорхойлолт төдийгөөр хязгаарлагдаж өнөөдрийг хүрсэн.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран олон улсын авлагын санхүүжилтийн эрх зүйн орчинг судлан уг хуулийн төслийг боловсруулаад байгаа ба хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг ийнхүү эхлүүллээ. Энэхүү хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал нь факторингийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрөл, авлага шилжүүлэх, цахим бүртгэлээр шаардах эрхийн дараалал тогтоох, цахим платформоор үйлчилгээ эрхлэх, хяналт зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит нэхэмжлэлд суурилсан, зээлээс хямд санхүүжилтийн суваг бүрдүүлэх зорилготой. Мөн хуулиар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай эргэлтийн хөрөнгийг өртөг багатай санхүүжилтээр шийдвэрлэх, зээлээс бусад санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэхээс гадна бизнесийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг өсгөх, бизнес эрхлэхэд таатай санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой бөгөөд олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний санхүүгийн байгууллагуудыг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй юм. Хэлэлцүүлгийн үеэр хуульч судлаач З.Шагдарсүрэн “Факторингийн олон улсын зохицуулалт” сэдвээр олон улс дахь факторингийн эрх зүйн зохицуулалт, хэрэглээ, эрх зүйн орчны талаарх мэдээллийг оролцогчдод өглөө. Оролцогчдын зүгээс хуулийн анхдагч төсөлд салбар бүрийн санал хүсэлтийг тусгуулахаар хэлэлцсэн бөгөөд ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зүгээс жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай өртөг багатай санхүүжилтийн орчинг бий болгохоор зорьж байгаад талархал илэрхийлж, хуулиа нэн даруй өргөн барихыг хууль санаачлагчид болон зохицуулагч байгууллагаас хүслээ.