Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд сургалтад хамрагдав

  • 2026/10/19 13:35

Санхүүгийн зохицуулах хороо "Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хүртээмжтэй ногоон санхүүжилт” төслийн хүрээнд “Тогтвортой ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг турших” сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

Баруун болон хангайн бүсийн хадгаламж, зээлийн хоршоодыг хамруулсан сургалтыг өмнө нь зохион байгуулсан бол өнөөдөр Хэнтий аймагт үргэлжлүүлэн зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад зүүн бүсийн гурван аймгийн 12 хадгаламж, зээлийн хоршооны 30 төлөөлөл оролцлоо.

Сургалтын үеэр УИХ-ын гишүүн, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хадгаламж, зээлийн хоршооны салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн сургалтаар хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчид байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой шийдэл олох, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэх, үр нөлөөг үнэлэх асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцав.  

Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран “Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хүртээмжтэй ногоон санхүүжилт” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU) болон Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо дэмжин ажиллаж байгаа бөгөөд сургалт нь төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний нэг юм.

Тус төслийн зорилго нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэж байна.