Монголын хөгжмийн аялал жуулчлалд "Playtime" фестивалийн ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
- 2024/04/19 18:07
Плэйтайм наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгож ингэснээр жилдээ 10,000 ажлын байр бий болгож, 2024-2028 онд нийслэлийн эдийн засагт 100 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг оруулна гэсэн статистик тооцоолол гарчээ.
"Tourism week-2024" чуулган энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Аялал жуучлалын хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Энэхүү чуулганы үеэр "Плэйтайм" хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж “Хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эко ногоон цэцэрлэгт хүрээлэн” сэдэвт илтгэлээ танилцуулсан юм.
Энэ оны долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах тус наадам 35-40 мянган үзэгчид хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
"Плэйтайм" фестиваль нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг хамгийн том наадам. Анх 2013 оноос хойш гадаад хамтлаг дуучдыг урьж оролцуулж байгаа уг фестиваль зөвхөн дотоодын том арга хэмжээ төдийгүй 2027 онд Азийн топ таван фестивалийн нэг болох зорилго тавин ажиллаж байна. Жилээс жилд олон улсын уран бүтээлчдийн тоо, чанар чансаа өсөн нэмэгдсээр байгаа "Плэйтайм" Монгол Улсын хөгжмийн аялал жуулчлалд үзүүлэх бодит үр дүн, үзүүлэх нөлөөг дээрх илтгэлээс онцлон хүргэж байна.
Хөгжим нь хэл, соёлын саад бэрхшээлийг даван туулж, хөгжмийн шинэ хэв маягаар дамжуулан хүмүүст тухайн улсын соёлыг таньж мэдэх боломжийг олгодог бүх нийтийн хэл юм. Тэр ч утгаараа хөгжмийн фестиваль нь өөр өөр үндэс угсаатай хүмүүсийг нэгтгэж харилцан хүндлэл ойлголцол, үнэт зүйлсийг бий болгодог хамгийн таатай орчин гэгддэг. Тиймдээ ч хөгжмийн аялал жуулчлал нь дэлхий даяар хурдацтай хөгжсөөр 2023 он гэхэд дэлхийн аялал жуулчлалын салбарт үнэлгээ нь 1,6 триллион ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүгээр зогсохгүй зөвхөн фестивальд оролцохоос гадна тээвэр, зочид буудал, музей, бусад үзвэр үйлчилгээ, хоол үйлчилгээ зэрэг олон салбарын эдийн засагт үр нөлөөгөө үзүүлдэг байна.
Плэйтайм 2024 оны фестивальд 21 улс орны 50 хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бүрэлдэхүүн ирэх гэнэ. Дэлхийн томоохон нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид, зочдоор дамжуулан тэдгээрийн олон сая дагагчдад зөвхөн Плэйтайм наадмыг бус Улаанбаатар хотын соёл урлагийг сурталчилдаг байна.