Б.Сандуй: 100 км өндөрт хөөрөх хүчин чадалтай пуужин бүтээх зорилготой байна
- 2024/04/19 17:45
"Science Conference 2024" арга хэмжээ хоёр дахь жилдээ "New Hope" буюу "Айсуй Найдвар" уриан дор өчигдөр зохион байгуулагдлаа. Шинжлэх ухaаны салбаруудад гарсан 2023 оны ололт дэвшил, шинэ нээлтүүдийн тухай олон улсад суугаа монгол судлаач, эрдэмтэд хэлэлцэв.
"Apogee Engineering" төслийн залуус NYX нэртэй I ангиллын хөдөлгүүр бүхий их чадлын хатуу түлштэй сонирхогчийн пуужин хийжээ. NYX пуужин өнгөрсөн 12 дугаар сард 1,000 метрээс дээш өндөрт хөөрсөн аж. Уг бүтээлийн тухай төслийн ахлагч, цахилгааны инженер Б.Сандуйтай ярилцлаа. Тэд гараашдаа пуужинг бүтээжээ.
- Пуужин хэзээнээс хийж эхэлсэн бэ. Ямар мэргэжилтэй вэ?
- ШУТИС-ийг 2022 онд цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллахын хажуугаар пуужин хийх гэж оролдох болсон. Оюутан байхаасаа л сансар судлалтай танилцаж, уг шинжлэх ухаанд дурласан. Пуужингийн технологид сонирхогчийн пуужин буюу туршилтын пуужингийн төрөл байдаг.
Дэлхийн өнцөг булан бүрд оюутан залуус үүнийг маш ихээр хийдэг. Залуус хоорондоо пуужин хийж өрсөлдөх замаар технологи хөгжүүлэлтээ сайжруулдаг, инженерчлэлд суралцдаг юм байна гэдгийг мэдэх болсон. Тиймээс өөрсдийнхөө пуужинг хийхээр шийдсэн. ЕБС-ийн сурагч Б.Дөлгөөнтэй хамтарч бүх онол тооцоолол, зураглалаа гаргасан.
- Яаж пуужин хийж сурав. Багштай юу?
- Ашиглаж чадах юм бол интернэт бол сурах хязгааргүй боломж. Пуужин хийх явцад гаргадаг алдаанууд, тулгардаг бэрхшээлүүдээс зайлсхийх аргыг Youtube гэдэг багш хэлээд өгдөг. 2023 оны долдугаар сараас эхэлж пуужингаа хийсэн. 12 дугаар сард анх удаа амжилттай 1,000 метрийн өндөрт хөөргөсөн. Пуужингаа хийх тооцооллоо эхлээд хийсвэр орчинд хийсэн. Аюулгүй байдлын үүднээс бүх онол, тооцооллыг хийсвэр орчинд хийсэн. Хөдөлгүүр ямар байхаас эхлээд, урд хошуу ямар хэлбэртэй байх зэрэг бүх зүйлсээ нарийн тооцно.
Хөдөлгүүрээ ямар материалаар, ямар хэлбэртэй хийх, температур болоод даралтад ямар тэсвэртэй байхыг нарийн тооцох хэрэгтэй. Хөдөлгүүр ажиллаж эхлээд шаталт үүсэх үед аль нэг хэсэг нь амархан хайлаад, хугараад байвал алдаагаа дор бүрнээ засаад явна. Заавал бодитоор хийхгүйгээр бэлтгэл ажлыг маш сайн хийх хэрэгтэй.
- Ямар хүндрэл бэрхшээлтэй нүүр тулав, хамгийн их шантарсан үе хэзээ байв?
- Анхны хөдөлгүүр хөөрч чадалгүй дэлбэрсэн болохоор их урам хугарсан. Хөдөлгөөн, урд хошуу, пуужингийн их бие, сэрвээ зэргийг эцсийн байдлаар зураг, төслийг нь гаргаад дараа нь бүтээх үлддэг. Бэлдэц металл нь байгаа ч зургийн дагуу хөдөлгүүрээ захиалж хийлгэхэд хэцүү байсан. Учир нь Монголд зургийн дагуу хийх боломжтой газар байхгүй.
Харин Хятад улсад зургийн дагуу хийж өгсөн. Анхны хөдөлгүүрээ Эрдэнэт хотод хийлгэсэн. Даралтаа буруу тооцоолсноос болоод тэр хөдөлгүүр маань дэлбэ үсэрсэн. Харин хоёр дахь загвар маань Хятад улсад хийгдсэн, мөн илүү сайн тооцоолол байсан болохоор амжилттай боллоо. Хөдөлгүүрийн хувьд иймэрхүү адал явдалтай.
- Бусад эд ангиудын хувьд?
- Бусад эд ангиуд мэдээж чухал үүрэгтэй. Хөдөлгүүрийн чадлаасаа хамаараад сонирхогчийн пуужин их олон янз байдаг. Бидний пуужин их чадлын хатуу түлштэй ангилалд багтдаг. Пуужин маань нэг км өндөр хөөрч эргээд зөөлөн газардах ёстой. Тиймээс дэд системийн эд ангиуд болох шүхрээр зөөлөн газардах автомат электроникийн хэсэг, шүхэр, камер байдаг. Тус хэсэг нь агаарын даралтыг мэдэрдэг мэдрэгчтэй. Мэдрэгч дотроо жижигхэн тэсрэгчтэй.
Тэсрэлтийн улмаас пуужингийн нэг хэсэг сугараад дотроос нь шүхэр дэлгэгдэнэ. Тухайлбал пуужин дээд цэгтээ хүрээд буцаад унах үед шүхэр автоматаар дэлгэгдэх нь байна. Шүхэр ямар хэмжээтэй, ямар материалаар хийгдэх нь пуужингийн бүх эд ангиудын нийт жингээр тодорхойлогдоно. Газардахдаа салхинд туугдахгүй, зөөлөн газарддаг байх ёстой.
Урд хошууны хувьд конус хэлбэртэй. Конус хэлбэрийн хошуу агаарын эсэргүүцлээс үүссэн гадаргуугийн зуурах хүчийг багасгаж, пуужингийн хурдыг багасгахгүйгээр агаарын сайн зүсэх бүтцийг бий болгодог. Сонирхогчийн пуужингийн төрөл нь ахих тусмаа илүү нарийн инженерчлэл шаардана.
- Их биеийн хувьд?
- Их бие пуужингийн бүх эд ангиудыг агуулсан цилиндр юм. Хөөрөх болон газардах үед сайн аэродинамик үйлдэл үзүүлж, бат бөх байна. Өндөр, бат бэхийн харьцаа болон хэлбэрт оруулахад уян хатан байдаг боломж их тул бид "Fiber- glass"-ийг пуужингийн их биеийн материал болгосон. Эпокси давирхайг "Fiberglass" нийлмэл материалыг бэхжүүлэхэд хэрэглэдэг. Анхны долоон давхар "Fiber- glass"-aap хийсэн их бие бүтэлгүйтсэн. Хоёр дахь оролдлого дээрээ бид агшаах механизмтай 30 хэвлэсэн мандрелийг ашигласан. Үүний үр дүнд пуужингийн их бие амжилттай болсон.
- Ямар түлш ашиглаж байна вэ?
- Хатуу түлш пуужиндаа ашиглаж байгаа. Хатуу түлшийг бүтээхдээ химийн элементүүдийг урвалд оруулаад, дулааны боловсруулалт хийдэг. Хатуу түлш нь нэгэнт шатаад эхэлсэн бол зогсоох, унтраах боломжгүй. Заавал дуусан дуустлаа шатна. Түүнээс гарч байгаа энерги пуужинг өндөрт хөөргөж байгаа. Бид Монголын пуужингийн техникийн холбоог байгуулсан. Бид ирэх дөрвөн жилийн зорилгодоо 100 км өндөр хөөрдөг хатуу түлштэй пуужин бүтээх.
Дэлхийд олон залуус хийгээд хөөргөчихсөн болохоор технологийн хувьд боломжтой. Түүнийхээ хажуугаар пуужин инженеринг гэдэг хөтөлбөр энэ зун зарлаж байгаа. Олон хүүхэд залуусын хувьд пуужин хийх нь шинэ зүйл. Гэртээ хүүхдүүд хатуу түлш боловсруулаад, дураараа хараа хяналтгүй пуужин хөөргөж болохгүй. Тиймээс энэхүү хөтөлбөр нь хүүхэд залууст аюулгүй сурах, турших орчин болох юм.
Тус хөтөлбөр ирээдүйд олон пуужингийн инженерүүд төрөх эхлэл болно гэж итгэж байна. 2024 оны зургаадугаар сараас эхэлнэ. Хүүхдүүд эндээсээ маш их зүйлс сурдаг, мөн пуужин хийх явцдаа баримтат кино хийвэл дараа нь гадаадын их дээд сургуульд элсэх үед давуу тал болдог.
- Түлшээ яаж хийсэн бэ?
- Түлшээ хийх түүхий эдээ албан ёсны химийн лабораториос худалдаж авдаг. Түлшээ хайлуулахдаа гэртээ хийх боломжгүй. Тиймээс МУИС-ийн лабораторид, аль эсвэл дулааны боловсруулалт хийх зөвшөөрөлтэй газар хийлгэдэг. Эхлээд хатуу түлштэй пуужин хийдэг нь шалтгаантай. Хатуу, шингэн хосолсон хайбрид пуужингийн түлш байдаг. Гэхдээ хатуу түлштэй пуужин хийгээд сурчих нь дараа шингэн түлштэй пуужин хийхэд сайн туршлага болдог.
Шингэн түлштэй пуужин хийгээд сурчихвал Америк, Хятад, Орос улсуудын хийж байгаатай ижил пуужин хийж чадах юм. Бидний сурч хөгжих нь удаан байгаа шалтгаан нь зориулалтын ажлын талбай, лабораторийн орчин дутмаг байна. Одоогийн нөхцөл байдалд залуус өөрсдөө л хийж байна.
- Радар өөрсдөө хийсэн байсан уу?
- Тийм ээ, нэг метрийн тойрог доторх хөдөлгөөний илрүүлдэг радар хийсэн. Ултрасоник сэнсор гэдэг мэдрэгч байдаг. Түүний тогтмол дороо эргэдэг мотор дээр суурилуулаад, түүндээ хэдэн градуст ямар хурдтай эргэлдэхийг тодорхойлох өгөгдөл өгдөг. Ултрасоник, эргэдэг сэрум хоёрын хамтын ажиллагаа юм. Ултрасоник нэг метрийн зайд нүдэнд харагдах байгаа долгионоороо бүх хөдөлгөөнийг мэдэрнэ. Харин эргэдэг сэрус мотор зогсохгүй эргэх үүрэгтэй.
- Пуужингаа хаана хийв?
- Онол тооцооллыг бол гэртээ компьютер дээр хийчихнэ. Харин пуужингаа угсрах ажлыг гараашдаа хийдэг. Төмөр таслах, цоолох, зүлгүүрдэх зэрэг зүйлсийг гарааш дотор хийдэг.
- Нэг км өндөр хөөрсөн пуужин ямар ангилалд багтах вэ?
- Олон улсын пуужингийн ангилал гэж байгаа. L1 зэрэглэлийн пуужин бид хөөргөж чадаж байна. Хэрвээ Америкт энэхүү пуужингаа хөөргөсөн бол L1-ийн гэрчилгээ авах байсан. Гэрчилгээ авсныхаа дараа хоёр, гуравдугаар ангиллын пуужин хөөргөх, түлшээ авах, туршилтын талбай дээр туршилт хийх эрхтэй болдог.
- Санхүүгийн асуудлаа яаж зохицуулж байна. Санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч байгууллага бий юү?
- Ямар нэгэн хувь, албан байгууллага, хувийн хэвшлээс санхүүжилт болон тусламж дэмжлэг авдаггүй. Өөрөө ажил хийгээд олсон мөнгөөрөө пуужингаа хийх материал, багаж тоног төхөөрөмж, урсгал зардлаа нөхдөг. Мэдээж старт-апын түвшинд одоогоор явж байгаа тул санхүү тал дээр тусламж дэмжлэг авах сонирхолтой байгаа. Бидний зорилго, үнэт зүйл, санааг маань бүрэн ойлгосон газраас санхүүжилт авах бол нээлттэй. 100 км өндөр хөөргөх пуужин бүтээхийн тулд тав, зургаан пуужин хөөргөх хэрэгтэй болно. Сансрын технологи хөгжүүлэх алсын харааг маань сайжруулах дэмжих хүн гарч ирэх юм бол дуртайяа хөрөнгө оруулалт авна.