Төмөр замын 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
- 2026/08/13 16:39
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын 110 дугаар километрт байрлах Туул голын 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын төслийн газарт Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд үргэлжлүүлэн ажиллажээ. Төслийн хамгийн томоохон инженерийн байгууламжийн нэг болох уг гүүрийн бүтээн байгуулалтыг “Очир ням” ХХК тэргүүтэй үндэсний таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд гүүрийн хойд хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж, нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар найман дам нурууг угсраад байгаа аж.
Туул голын орчим нь нам дор, хотгор байршилтай бөгөөд хур тунадас ихтэй үед ус хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй учир гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажилд инженерийн нарийн шийдэл шаардагдаж буй гэнэ. Төмөр замын нийт трассын дагуу есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус, мал амьтны гарц болон 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөсөн байна.