Монголын хөлбөмбөгийн холбоо өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэнгүй
- 2024/04/19 17:29
Саяхан л Монголын хөлбөмбөгийн холбоо, лигийн зөвлөл, Монголын спортын корпораци хамтран лигийг шинэчлэн өөрчилж, дараагийн шатанд гаргахаар зургаан жилийн гэрээг байгуулах арга хэмжээ зохион байгуулж байв. Монголын спортын корпораци өмнө нь сагсан бөмбөгийн холбоотой хамтран одоогийн сагсан бөмбөгийн лигийг өөр түвшинд авчирсан учир тэрхүү өөрчлөлтүүдийг Монголын хөлбөмбөгт авчирна гэж олон хүн итгэсэн, харсан.
Харамсалтай нь, энэ хамтын ажиллагаа удаан үргэлжилсэнгүй. Монголын спортын корпорацийн зүгээс мэдэгдэл гарган Монголын хөлбөмбөгийн холбоотой 2027 он хүртэл хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрсөн оны наймдугаар сарын 2-ноос хойш 257 өдрийн үйл ажиллагаатай холбоотой зардлаа нэхэмжлэх болно гэдгээ мэдэгджээ.
Монголд л хөгждөггүй өнөө гацаа хөлбөмбөгийн хөгжил шинэ шатанд хэзээ гарах вэ? Угтаа Монголд анхлан нэвтэрсэн, өнө удаан түүхт спортуудын нэг нь хөлбөмбөг хэдий ч хэрхэн хөгжих, дэвших талаарх ойлголтгүй, санаагүй уджээ. Хөлбөмбөг сонирхогчид, тамирчид, зүтгэлтнүүд нь ч холбооныхоо үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, сайнаасаа илүү саар үгсийг хэлсээр ирсэн. Одоо дахиад л гацаа, хөгжилгүй, үзэгчгүй хөлбөмбөгт эргэн ирэх нь ээ.