Татварын багц хуулийн шинэчлэл хувийн хэвшлийн хөгжлийг дэмжинэ

  • 2026/06/26 22:32

Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар өчигдөр эцэслэн баталлаа. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд олон чухал өөрчлөлт орсон. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварт гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээтэй орлогоос татвар авахгүй байхаар тусгасан бол 2 сая хүртэлх төгрөгийн цалингийн хэмжээнээс нэг хувь байхаар тусгасан байна. Энэхүү 792 мянга хүртэлх орлогын хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Харин 2 сая хүртэлх орлогын хөнгөлөлтийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр зохицуулжээ. Ингэснээр хөдөлмөр эрхэлж буй нэг сая 30 мянган иргэн энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.  

Татварын багц хуультай холбоотойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван ч удаа УИХ-аас Ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Уг хуулийг батлуулахад Ажлын хэсгүүдийн ахлагчаар ажилласан Х.Ганхуяг, П.Ганзориг, Д.Энхтүвшин нарын гишүүд тод дуу хоолой, байр суурьтай оролцож манлайлж ажилласан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Шинэчлэгдсэн Татварын багц хууль нь татварын дарамтыг бууруулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал эрх зүйн шинэчлэл болсон гэж УИХ-ын гишүүд үзэж буй юм.