"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилгоор ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр /2026.04.10/ төслийн сүүлийн шат болох удирдлагын дүн шинжилгээний хурлыг зохион байгуулж “Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд болон төслийн баг, зөвлөх баг оролцлоо.
Төслийн зөвлөх үйлчилгээг "Ворлд стандарт консалтинг" ХХК гүйцэтгэж, стандартын дөрвөн бүлэг, 93 хяналтын механизмыг тус компанийн бизнесийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулсан юм. Удирдлагын дүн шинжилгээний хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах стратегийг баталжээ.
Төслийн хүрээнд хийгдсэн онцлох ажлууд:
- Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийж, чухал өгөгдөл, активуудыг тодорхойлсон.
- Стандартын 2022 оны шинэчлэгдсэн хувилбарын дагуу үүлэн үйлчилгээний аюулгүй байдал (Cloud Security) болон мэдээлэл алдагдахаас сэргийлэх (DLP) хяналтуудыг хэрэгжүүлэх суурийг тавьсан.
- Компанийн нийт ажилтнуудын кибер аюулгүй байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт, дадлагуудыг зохион байгуулсан.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, төрийн өмчит байгууллагуудын мэдээллийн засаглалд жишиг тогтоож байна.