"Эрдэнэс Тавантолгой" олон улсын ISO стандартуудыг амжилттай хэрэгжүүлж байгаагаа баталгаажууллаа

  • 2024/08/29 18:07


“Эрдэнэс Тавантолгой” компани Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Францын “Афнор” группээс зургаа дахь жилдээ, ISO 37001:2016 авлигын эсрэг менежментийн тогтолцоо, ISO 37301:2021 нийцлийн менежментийн тогтолцооны стандартыг АНУ-ын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “QFS Management System LLP” болон ИБУИНХУ-ын “LMS Certifications Limited” байгууллагаас хоёр дахь жилдээ тус тус баталгаажуулан амжилттай хэрэгжүүлжээ.

Хөндлөнгийн байгууллагын стандартын тэргүүлэх аудиторууд өнгөрсөн 23-28-нд магадлах аудитыг “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн байна. Хаалтын хурал дээр магадлах аудитын үр дүнг компанийн удирдлагуудад танилцуулж, нэг дор таван стандартыг амжилттай хэрэгжүүлж буйд баяр хүргэсэн гэнэ. 

“Эрдэнэс Тавантолгой” нь ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018, 37001:2016, ISO 37301:2021 стандартыг нэгдсэн менежментийн тогтолцоогоор нь хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны уул уурхайн компани юм. 

Олон Улсын ISO стандарт нь бизнесийн итгэлцлийг бий болгох, бодит эрсдэлийг бууруулах, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил, гүйцэтгэлийн хяналт, үр дүнд суурилсан тогтолцоо аж. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, комплайнсын тогтолцоог бий болгох үндсэн суурь болдог юм байна.