Даатгалын хууль тогтоомыг шинэчлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо

  • 2026/04/10 14:54

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо. Монгол Улсын даатгалын тогтолцоог хүртээмжтэй, өгөөжтэй, тогтвортой, боловсронгуй болгох зорилготой тус ажлын хэсэг нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалыг үр өгөөжтэй болгох цаашилбал даатгалын салбарыг илүү өрсөлдөөнтэй, санхүүгийн зах зээлтэй уялдсан, иргэдэд бодит үр өгөөжтэй, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсын нөхцөлд нийцсэн, иргэн төвтэй, ил тод, шударга, эрсдэлд суурилсан шинэ үеийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд олон улсын туршлага, стандартыг судалж, дотоодын онцлогт уялдуулан бодлогын санал, дүгнэлт боловсруулах, шаардлагатай хууль, эрх зүйн өөрчлөлтийг санаачлах чиглэлээр ажиллана.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Мандхай ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа болон Санхүүгийн зохицуулах хороо, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус хурлаар Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Даатгалын салбар нь нийгэм, эдийн засагт эерэг нөлөөг үзүүлдэг, санхүүгийн гол тулгуур салбарын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засагт эзлэх хувь хэмжээ, гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэж, жилдээ иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын 400 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх үнэлгээ бүхий эрсдэлийг даатгаж байна. Гэхдээ цаашид салбарын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчдын эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, илүү мэргэшсэн, ёс зүйтэй салбарыг бий болгож, төлөвшүүлэх, олон улсын чиг хандлага, цаг үеийн шаардлагад нийцсэн, уян хатан бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Иймд салбарын хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой саналуудыг энэ үеэр танилцуулсан юм. 

Мөн Монголын даатгалын холбооноос “Даатгалын салбарын хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд“ сэдвээр мэдээлэл өглөө. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Б.Пунсалмаа, М.Мандхай, Н.Батсүмбэрэл нар оролцогчдоос асуулт асууж, хариулт авлаа. Урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, хэрэглэгчдийн итгэлийг бууруулж буй асуудлуудад дүн,шинжилгээ, зохих судалгааг иж бүрнээр нь хийж, дүгнэлт гаргахаас ажлын хэсэг ажлаа эхлэх нь зөв гэж үзлээ.