"Оюу толгой" компани ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гэх мэдээлэлд тайлбар гаргалаа
- 2026/03/31 15:37
"Оюу толгой" үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ялангуяа усны төлбөр төлдөггүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллээр цацагдах болсонтой холбогдуулан тул тайлбар, тодруулга хүргүүлэв. Тайлбарт "Юуны өмнө “Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан аливаа татвар, хураамжийг төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргаагүй, холбогдох хууль, тогтоомж болон гэрээнүүдийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж ирсэн болно. Энэ асуудал нь 2009 онд байгуулагдсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, 2021 онд батлагдсан журмын зөрүүтэй байдлаас үүдэлтэй.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хуулийн заалт, татварын орчныг тухайн үеийнхээр тогтворжуулж, 2009 оноос хойш бий болсон аливаа шинэ татварыг ногдуулахгүй байхаар тусгасан. Ингэснээр гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд татварын тогтвортой орчинд уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нөхцөлийг хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн юм. Харин олон нийтийн сүлжээнд дурдагдаж буй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нь 2012 онд батлагдсан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх төлбөр тооцооны журам 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчныг тогтворжуулах заалттай харшилж байгаа тул “Оюу толгой” компани өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй гэсэн байр суурьтай байсан.
Усны төлбөрийн тухайд “Оюу толгой” компани нь 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөг төлсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухайд, "Оюу толгой" үйлдвэр нь “Zero discharge” буюу “байгальд ус хаяхгүй” байх зарчмыг баримталж ажилладаг тул ус бохирдуулсан эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай. Учир нь:
• Оюу толгойн үйлдвэрлэлд ашиглаж буй усыг ундны усны эх үүсвэрээс бус 150-400 метрийн гүнд байрлах Гүний хоолойн газрын доорх усны ордоос татдаг, ундны усны стандартаас 2.5-4 дахин өндөр эрдэсжилттэй тул ахуйн зориулалтаар ашигладаггүй.
• Үйлдвэрлэлд ашигласан усыг байгальд асгадаггүй буюу зориулалтын хаягдлын далангийн байгууламжид хадгалж, дунджаар 87 хувийг дахин ашигладаг.
• Үлдсэн ус нь хаягдлын даланд түгжигдэх, агаар мандалд ууршдаг зүй тогтолтой.
Тиймээс усны асуудалтай холбоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор бид хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг Усны газарт хүргүүлээд байна. Оюу толгой нь аливаа асуудлыг харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэхийг эрмэлздэг бөгөөд холбогдох байгууллагуудтай нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Аливаа мэдээллийг үнэн бодитойгоор олон нийтэд хүргэхэд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний нөлөө чухал билээ. “Оюу толгой” компанийн зүгээс мэдээллийг тэнцвэртэй хүргэхэд нээлттэй байх болно" гэжээ.