Монгол дахь ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын даргатай уулзжээ

  • 2026/03/31 13:38

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүке болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Т.Жамбаажамц Монгол Улсын хөрөнгийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлэх, эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлснийг онцлов. Тэрбээр “Төслийн эхний үе шат гурван жилийн хугацаанд хэрэгжиж, дотоодын компаниудыг нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах буюу IPO хийх замаар урт хугацааны санхүүжилт татах идэвхийг нэмэгдүүлж, зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Харин төслийн хоёр дахь үе шатны хүрээнд Монгол Улсын үнэт цаасны зах зээлд анх удаа биржийн бус зах зээлийг бий болгож, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлсэн. Ингэснээр биржийн бус зах зээлийн хөгжлийн үндэс суурийг тавьж, компаниуд бондыг олон нийтэд санал болгох болон хаалттай хүрээнд гаргах замаар санхүүжилтийг илүү хялбар, шуурхай, зардал багатайгаар татах боломж бүрдсэн” хэмээн тэмдэглэлээ.

Мөн тэрбээр “Энэхүү төсөл нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулснаас гадна зах зээлд оролцогч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд бодит дэмжлэг болсон. Иймд ЖАЙКА-гийн зүгээс үзүүлсэн хамтын ажиллагаа, дэмжлэгт талархал илэрхийлье. Цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчид Япон Улсын их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалан суралцаж байгаа нь байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон талархал илэрхийллээ.

Харин ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүке “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” хэмээжээ. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож, санхүү болон хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинэ технологи, санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллахаар санал нэгдэв.