Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа

  • 2026/03/24 13:03

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагч, эцсийн өмчлөгчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээ мэдээлэх, гүйлгээ, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахаас гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой холбоотой эрсдэлийг бууруулах зорилгоор хориг арга хэмжээний тогтоол гаргаж, холбогдох хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг баталж, тогтмол шинэчилдэг.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 61 дугаар зүйлд заасны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан  жагсаалт, дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 464 дүгээр тогтоолоор баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам”-д “6.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараах шаардлагыг мөрдөнө: ... 6.1.1. жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх” гэж, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд “23.6.Хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ.” гэж тус тус заасан.

Мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн хориг арга хэмжээний жагсаалттай тулгаж шалгасны үндсэн харилцагчид үйлчилгээ үзүүлэх, харилцагчийн нэр хориг арга хэмжээний жагсаалттай таарсан тохиолдолд хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогын хөдөлгөөнийг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй зогсоож, тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдэгдэхийг анхааруулж байна.

Ингэснээр мэдээлэх үүрэгтэй этгээд ба өөрийн үйл ажиллагаанд үй олноор хөнөөх, терроризмтой тэмцэхтэй холбоотой аливаа эрсдэлийг хязгаарлах, хориг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.10-т “4.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцаагаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол царцаагаагүй хөрөнгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Иймд НҮБ болон бусад эрх бүхий байгууллагын хориг арга хэмжээний жагсаалтын өөрчлөлт, шинэчлэлтэй тухай бүр танилцаж, харилцагчийг таньж мэдэх болон гүйлгээний хяналтын үйл ажиллагаандаа эдгээр жагсаалтыг ашиглан, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана уу.

Холбогдох мэдээллийг дараах эх сурвалжуудаас авах боломжтой болно. Үүнд: