“Санхүүгийн инновац ТекСпринт–2026” уралдааны шилдгүүд тодорлоо
- 2026/03/24 13:07
Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Санхүүгийн инновац ТекСпринт–2026” уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдэг оролцогчид, шийдлүүдийг шалгаруулав. Тус уралдаан нь хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийг санхүүгийн ухаалаг шийдвэр гаргах, өр төлбөрөө зөв зохицуулахад чиглэсэн технологид суурилсан инновац шийдлүүдийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан байна. Уралдаанд нийт 27 багийн 108 оролцогч бүртгүүлснээс эцсийн шатанд 11 баг шалгарч, шийдлүүдээ танилцуулан өрсөлдсөн юм. Уралдааны хүрээнд оролцогч багууд өгөгдсөн дата мэдээлэл дээр ажиллаж, хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн зөвлөх үйлчилгээ, хиймэл оюунд суурилсан чатбот, санхүүгийн боловсролыг дэмжих тоглоомон аппликейшн, мөн санхүүгийн байгууллагуудад зориулсан зээлийн систем, платформ зэрэг олон төрлийн шинэлэг, бүтээлч шийдлийг танилцуулсан юм.
Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Лемон пресс” медиа компани, дэмжигч байгууллагаар “Гэрэл финанс ББСБ” ХХК, “Бүрэн скор ЗМС” ХХК, “Мони маркет фанд” ХХК, “Фанд ми бирж” ХХК, Хаан банкны Инновацын төв зэрэг байгууллагууд ажиллажээ.







