Ч.Алтанбагана: Шинэ нээсэн уурхайн амнаас сайн чанарын нүүрс гарахаас гадна олборлолтын зардлыг 30 хувь бууруулж байна

  • 2025/11/14 14:49

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбаганатай ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Тавантолгойн ордоос нүүрс олборлож эхлээд 15 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд ордод нэмэлт хайгуул хийсэн байх. Ордын нөөцийг JORC стандартад нийцүүлсэн. Одоогоор ордын нүүрсний нөөц хэдэн тонн болсон бэ?

-Манай компани ордын нөөцийг хэд хэдэн удаа шинэчлэн баталсан. 2024 онд Монголын Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөцийг шинэчлэн батлуулсан. Ордын нөөцийг 29 хувиар нэмэгдүүлээд, 8.1 тэрбум тонн коксжих зэрэглэлийн болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй байна гэж тогтоосон. Ордын нөөц их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбогдуулан томоохон төлөвлөлтүүд хийх ёстой. Үүнтэй холбогдуулан манайх ордын нэгдсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Манайх 68 мянган га талбайд найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Талбай болгоноор Техник, эдийн засгийн үндэслэл хийгээд яваад байдаг байсан. Энэ нь ордыг уул геологийн нөхцөлийн хувьд, технологийн хувьд ч зөв хөгжүүлэхэд асуудал үүсдэг. Цогцоор нь хөгжүүлэх агуулгын хүрээнд нэгдсэн Техник, эдийн засгийн үндэслэл хийх нь зүйтэй. Үүний дараа гадаргын ерөнхий төлөвлөгөөг гаргана. Ерөнхий төлөвлөгөө гаргасны дараа уурхайг уул геологи, технологийн хувьд яаж хөгжүүлэх вэ гэдэг зураглал гарна. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжууд ч тодорхой болно.

-15 жилийн хугацаанд хэдэн тонн уулын цул хөдөлгөж, хэдэн тонн нүүрс олборлосон бэ?

-Манай компани 2010 онд Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайгаас нүүрс олборлож эхэлсэн. Дараа нь Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлосон. Энэ онд Цанхийн баруун уурхайн хойд хэсгээс нүүрс олборлож эхлээд байна. Тэгэхээр одоо уурхайн гурван амнаас нүүрс олборлож байна гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд 180 сая тонн нүүрс олборлоод, 800 сая тонн хөрс хуулсан. Нийт 980 сая уулын цул хөдөлгөсөн байна. 2022 он хүртэл жилд 10 орчим сая тонн нүүрс олборлож байсан. Тэгвэл 2023 оноос уурхайн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, жилд 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болгоод ажиллаж байна. 

-“Эрдэнэс Тавантолгой” энэ оны хувьд хэдэн тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Энэ оны дунд үед нь нүүрсний экспорт их хэмжээгээр буурлаа шүү дээ.

-Одоогийн байдлаар 27 орчим сая тонн нүүрс олборлоод байна. Энэ жил хийсэн онцлог ажил нь Цанхийн барууны хойд хэсэгт шинээр уурхайн ам нээсэн явдал. Манайх жил бүр 30 сая тонн нүүрс олборлоё гэвэл судалгааны ажлууд хийх шаардлага үүссэн. Тухайн үед Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан Ж.Ганбат манай геологийн бүх инженерийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн уурхайн олборлолтын хэмжээг цаашид тогтвортой байлгах боломжтой, уул геологийн сайн нөхцөлтэй таван хэсэгт сарын хугацаанд судалгаа хийсэн. Энэ хүрээнд Цанхийн барууны хойд хэсгээс нүүрс олборлох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Цанхийн баруун уурхайн хойд хэсгээс нүүрс олборлох нь хоёр том давуу талтай. Эндээс 15 жилийн хугацаанд 80 сая тонн нүүрс олборлох боломжтой. Уул геологийн нөхцөл олборлолтын зардлыг 30 хувь бууруулж өгч байгаа. Манай уурхай хуулсан хөрсөө 6-7 км тээвэрлэдэг. Тэгэхээр нийт олборлолтын зардлын 70 хувь нь хөрс тээврийн зардал болчихоод байгаа юм. Цанхийн барууны хойд уурхай 2.5 км газар хөрс тээвэрлэнэ. Тэгэхээр ашиглалтын зардал 30 хувиар буурч байна. Олборлолтын зардал хэдий чинээ буурна өрсөлдөх чадвар төдий чинээ нэмэгдэнэ. Нөгөө талаас эндээс сайн чанарын гуравны нэг коксжих нүүрс гарч байгаа. Худалдан авагчаас сайн үнэлгээ авсан. Манай компанийн шинэ бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Уурхайн энэ ам ирэх 15 жилд бидэнд давуу тал үүсгээд явна гэж хардаг. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн нэг томоохон ажил өөрсдийн техник, тоног төхөөрөмжөөр олборлолт хийх хүчин чадал бүрдүүлсэн явдал. Манай компани 2022 оноос машин, тоног төхөөрөмж худалдан авах гэрээнүүдээ хийсэн. Ингээд 2023 оноос анхны тоногт төхөөрөмжүүд орж ирсэн. Одоогоор захиалсан тоног төхөөрөмжүүд бүрэн орж ирээд байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” жилд 50 сая шоо метр уулын цул хөдөлгөх хүчин чадалтай, томоохон оператор компани боллоо. Тоног төхөөрөмжүүд оруулж ирж, өөрсдөө олборлолтоо хийдэг болсноор 500 хүний ажлын байр бий болсон. Эдийн засгийн үр өгөөжтэй хэсэгтээ өөрсдөө олборлолтоо хийдэг болоод эхэллээ. 

-Жилд 50 сая шоо метр уулын цул хөдөлгөнө гэж байна. Энэ нь нэг жилд хийдэг ажлынхаа хэдэн хувийг өөрсдөө хийнэ гэсэн үг вэ?

-30 хувийг нь өөрсдөө хийнэ гэсэн үг. Бусад ажлаа гэрээт компаниудаар гүйцэтгүүлнэ. Бас машин, тоног төхөөрөмжүүдээ засварлах иж бүрэн засварын газар байгууллаа. 

-Та шинэ бүтээгдэхүүн худалдан авагчдаас сайн үнэлгээ авсан гэсэн энэ талаар дэлгэрүүлж яриач?

-Бид 25 хувийн үнслэгтэй, гуравны нэг коксжих нүүрсийг угааж баяжуулаад, 12 хувийн үнслэгтэй болгоод экспортолдог. Тэгвэл Цанхийн баруун уурхайн хойд хэсгээс долоо орчим хувийн үнслэгтэй коксжих нүүрс гарч байгаа юм. Угаасан нүүрсний стандарттай дүйх сайн чанарын нүүрс байгалиасаа гарч ирж байна гэсэн үг. 

-Өнгөрсөн хугацаанд уурхайн олборлолтын зардлыг бууруулах ямар ажлууд хийж ирсэн бэ. Ирээдүйд уурхайн өртөг зардлыг бууруулах ямар ажил хийх вэ. Жишээ нь, уурхайн аманд туузан дамжуулга барих ч юм уу, эсвэл цахилгаан экскаватор ашиглах ч гэдэг юм уу.

-Бид жил бүр 30 сая тонн нүүрс экспортолдог байя, цаашид хэмжээг нь нэмье гэвэл өрсөлдөөнд орж л таарна. Үнээр өрсөлдөхөөс өөр аргагүй. Нүүрсний үнэ унасан ч бид ашигтай ажиллах ёстой. Ашгаа нэмэгдүүлэхийн тулд олборлолтын зардлаа бууруулах нь зайлшгүй. 200-гаад сая шоо метр уулын цул хөдөлгөж, 30 сая тонн нүүрс олборлоод, дэлхийн хэмжээний томоохон ил уурхай болоод ирэхээр хэдэн асуудал тулгарч байна. Нэгдүгээрт, хүн хүчний асуудал, хоёрдугаарт байгаль орчны асуудал үүсэж байна. Хүн хүчний тоо ихэссэнээс болоод хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хүндэрч байгаа. Их хэмжээний газар шорооны ажил хийж байгаа учраас тоосжилт нэмэгдсэн. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн дахины хэрэглэж буй дэвшилт технологиудыг ашиглахаас өөр аргагүй. Бид 2023 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орд газарт туузан дамжуулгын систем нэвтрүүлэх Техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулсан. Анхныхаа 12.3 км урт туузан дамжуулгыг барьж байна. Одоогоор энэ төсөл 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнийг ашиглалтад оруулсны дараа жилд 15 сая тонн нүүрс туузан дамжуулгаар тээвэрлэдэг болно. Цаашдаа хуулсан хөрсөө туузан дамжуулгаар тээвэрлэх шаардлагатай. Мэдээж дэлхийн нийт цахилгаан тээврийн хэрэгсэл рүү шилжиж байна. Бид энэ трэндийг дагах ёстой. Цахилгаанжуулснаар олборлолтын зардал буурах нь тодорхой. Наад зах нь тоосжилтоос болж байнга сольдог агаар шүүгчийн зардал байхгүй болох жишээтэй. Мөн олон улсад уурхайнууд жолоочгүй тээврийн систем нэвтрүүлээд эхэлсэн. Ийм систем нэвтрүүлэх судалгааны ажлыг манай компани эхлүүлсэн. 

-“Чайна энержи” компанитай уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ хийсэн. “Чайна энержи” компани Тавантолгойн ордын аль хэсгээс нүүрс олборлох вэ?

-“Чайна энержи” компанитай ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх ерөнхий гэрээ байгуулсан. Одоо нарийвчилсан гэрээнүүд хийнэ. Тендер сонгон шалгаруулалт зарлана. “Чайна энержи” ордын Бор тээг, Онч хараат гэсэн хоёр хэсгээс нүүрс олборлоно. Энэ хоёр хэсгээс нүүрс олборлоход бэлэн биш. Эхлээд бүрэн хэмжээний хайгуул судалгааны ажил хийх шаардлагатай. Техник, эдийн засгийн үндэслэл, нөөцийн тайланг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулах ёстой. Батлуулсны дараа олборлолтын компаниудын сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаад явна. Олборлолтын үйл ажиллагаа 2030 оноос эхэлнэ гэж төсөөлж байна.

-Тэгэхээр олон нийтийн ойлгож байгаа шиг хойтонгоос олборлоод эхлэхгүй нь байна.

-Том хэмжээний уурхайн судалгааны ажил цаг авдаг. Дээрээс нь том уурхайг богино хугацаанд нээх нь техник, технологийн хувьд ч, хөрөнгө мөнгөний хувьд боломжгүй байдаг. 

-Одоогоор уурхай дээр хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Манай компани 1800 ажилтантай. Оператор компаниудаа оролцуулбал, 10 мянган хүн ажиллаж байна. Мөн тээврийн 10 мянган жолооч ажиллаж байна. Хоёр ээлжээр ажилладаг гэж үзвэл уурхайн дээр таван мянган хүн ажиллаж байгаа гэсэн үг. 

-“Эрдэнэс Тавантолгой” компани их нүүрс олборлох гэж улайраад, маркшейдерийн алдаа гаргах болсон. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хүндрүүлж байна гэж уурхайчид ярих болсон. Энэ бодит мэдээлэл үү?

-Бид жилд 200 сая шоо метр уулын цул хөдөлгөж байна. Портер нэг тонн ачаа даадаг үзэл 200 сая портер ачаа тээвэрлэж байна гэсэн үг. Олборлолт нэмэгдэхийн хэрээр ажиллах хүний тоо ч нэмэгдэж байна. Уурхай ам дотор нэг ээлжинд 1000 орчим тоног төхөөрөмж ажиллаад ирэхээр яах аргагүй хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл муудаж байгаа юм. Хүн алдаа гаргавал осол гарна. Тэгэхээр ирээдүй хэтдээ хүнээс хамаарах нөхцөлийг л бууруулах хэрэгтэй. Технологийн шийдлээр л үүнийг зохицуулна. 

-Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан. Хэр хэмжээний нүүрс баяжуулаад байна вэ?

-Баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгыг хийж байна. Ирэх жил долоон сая тонн нүүрс баяжуулна гэж төлөвлөж байгаа. Баяжуулах үйлдвэрийн туузан дамжуулгыг энэ онд багтаад ашиглалт оруулчихвал ирэх жил долоон сая тонн нүүрс баяжуулна. 

-Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг хэзээ барих вэ?

-Усыг нь хэрхэн шийдвэрлэх, цахилгааныг нь хэрхэх вэ гэсэн судалгааны ажлууд хийж байна. Уг нь үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тоннд хүргэх Техник, эдийн засгийн үндэслэл бий. 

-Баяжуулах үйлдвэрийг уурхайн амнаас маш хол зайд барьсан. Энэ нь зардлыг нэмж байгаа гэж шүүмжилж байгаа. Баяжуулах үйлдвэр барих газрын хэрхэн сонгосон юм бэ? 

-Тавантолгой том орд. 68 мянган га газрын хамардаг. Найман тусгай зөвшөөрөлтэй орд шүү дээ. Одоогийн нүүрс олборлож байгаа хэсгээс баяжуулах үйлдвэр 12 км зайтай. Цаашдаа ордыг нэмж судлах хэсгүүд бий. Дэлхийн жишгээс аваад үзвэл тийм хол газар баяжуулах үйлдвэрээ барьчихсан юм биш. Баяжуулах үйлдвэр Бор тээг, Онч харааттай ойр байрлаж байгаа. 

-Энгийнээр хэлбэл, баяжуулах үйлдвэрээ нийт ордынхоо гол хэсэгт байрлуулчихсан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.