Ураны түүх-2: Францчуудыг хөөж явуулах уу

  • 2024/04/15 13:55

Казахстан Улсын Сузак мужийн Шу Сарышугийн хотгор дахь "Катко" компанийн ураны орд

 Казахстан улсын өмнөд нутаг Шым­кент хотоос 2013 оны өвлийн эхэн сарын нэгэн жихүүн өглөө Монголын сэтгүүлчдийн баг хойд зүгт довтолгож явлаа. Шымкент гэж уул уурхай хөгжлөө дагаад нэн хурдтай тэлж буй хот. Социализмын үед тэнд олон монгол залуус суралцаж, барилгачин болсон гэнэ лээ. Тэндээс 400 км давхиад Сузак мужийн Шу Сарысу хотгорт буй “Катко” компанийн ураны уурхайд хүрнэ. Казахууд бол Монголтой адил нүүдлийн соёл иргэншилтэй, малчин үндэстэн. Тэгш тал нутгаар цардан тавьсан дардан замаар хурд мэдэн довтолгох зуур өвөлжөөндөө буусан малчин айлууд үе үе тааралдана.

Шу Сарысугийн хотгор нь говь нутаг байв. Тухайн үед Монголынхоо говь нутагт явж буй мэт мэдрэмж төрүүлж байсан. Энэ хотгорт 100 км гаруй үргэлжлэх ураны нөөцийн судал байдаг. Казахстан улсын ураны үүц газар гэсэн үг. Шу Сарысугийн хотгороос 14 компани уран олборлодог. Эдгээрийн ес нь Орос, Хятад, Франц, Канадын хөрөнгө оруулалттай. Бусдыг нь казахууд өөрсдөө ашиглана. Төрийн өмчит “Казатомпром” уран олборлогч есөн компанийн хувьцааг их, бага хэмжээгээр эзэмшиж, менежментэд нь оролцдог. Тухайлбал, “Катко” компанийн хувьцааны 51 хувийг Францын “Орано” (өмнө нь “Арева” нэртэй байсан) групп, 49-ийг нь “Казатомпром” эзэмшдэг. Тухайн үед “Катко” жилд 4000 тонн шар нунтаг гаргасан амжилтаараа дэлхийд тэргүүлдэг болоод байв.

Хуучин нэрээр “Арева” групп 1996 онд Казахстанд ураны хайгуул хийж эхэлжээ. Ингээд Шу Сарысугийн хотгорт Мойынкум, Торткудук гэдэг хоорондоо 40 гаруй км зайтай ураны орд нээсэн байдаг. Мойынкум ордод анх 2000 онд туршилтын үйлдвэрээ барьж, 2006 оноос олборлолтоо эхлүүлсэн байна. Мөн Торткудук ордыг 2007 оноос ашиглаж эхэлжээ. Тэгвэл “Арева” групп 1997 оноос Монгол Улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сум “Коже говь” компаниар дамжуулан ураны хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Улмаар 2013 он гэхэд Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг нээж, нөөцийг нь батлуулсан юм. Үргэлжлүүлэн хайгуул хийж, нөөцийг нь нэмэгдүүлсэн. Зөөвч-Овоогийн ордын нөөцийг анх 54 640, Дулаан-Уулынхыг 6260 тонн ураны хүдэртэй гэж баталж байжээ. Тэгвэл одоо Дулаан-Уул ордын нөөц 25 710, Зөөвч-Овоо­гийнх 93 290 тонн болж нэмэгдсэн. Зөөвч-Овоо­гийн орд нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Францын “Орано майнинг”, Японы “Мицибүши корпорац”-ын хамтарсан “Арева Монгол” компани “Бадрах энержи”-гийн хувьцааны 66, Монголын Засгийн газрыг төлөөлж, “Мон-Атом” 34 хувийг нь эзэмшиж буй. “Бадрах энержи” нь илрүүлж, нөөцийг нь тогтоосон ураны ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй. Казахууд “Казатомпром” компаниараа дамжуулж уран олборлох бодлогоо хэрэгжүүлдэг. Тэгвэл монголчууд “Мон-Атом”-аараа дамжуулж бодлого хэрэгжүүлэх юм.

“Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ барьчихсан. Тэднийхэн зөвшөөрөл өгвөл туршилтын олборлолтоо эхлүүлэхээр хүлээж байна. Гэвч Засгийн газраас өдий хүртэл зөвшөөрөл олгосонгүй. Үгүй ч гэхгүй, за ч гэхгүй байгаа нь ямар учиртай юм бол. Гадаадын хөрөнгө оруулагчид 20 гаруй жил бэлтгэл хангаад, туршилтын үйлдвэрлэлээ эхлэх гэж байгааг Засгийн газар хүндэтгэж үзмээр санагдах юм.

                                                                                                                                                                                                     Савласан шар нунтаг

Манайхан адилхан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист орон байгаад нэг гараанаас хөдөлсөн гэж Казахстантай өөрсдийгөө харьцуулах дуртай. Казахууд эдийн засгийн хүчин чадал, хөгжлөөрөө биднээс аль хэдийн түрүүлээд явчихлаа. Ураны шар нутаг экспортлоод зогсохгүй боловсруулан, цөмийн түлш үйлдвэрлэдэг болсон. Цаашлаад цөмийн цахилгаан станц барихаар ажиллаж байна. Бидэнтэй нэг гараанаас хөдөлсөн гэгддэг Казахстан улс одоо цөмийн том тоглогч болсон. Ураны хайгуул, олборлолтын салбарт тэд гадаадын хөрөнгө оруулагчидтай үр ашигтай хамтарч ажиллаж чаджээ. Энэ жишээ л биднийг ямар хөшүүн хойрго, тууштай бодлогогүй байгааг харуулна. Дэлхийн цөмийн салбарт шаггүй тоглогч болох боломжтой манай улс гараан дээрээ гацсаар байгаа нь юуны учир вэ.

Сэтгүүлчдийн багийнхан “Катко”-гийн уурхайд очихын өмнө аюулгүй ажиллагаа, хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримталдаг газар байх гэж төсөөлж байлаа. Гэвч төсөөлснөөс хэт энгийн байсан нь гайхаш төрүүлсэн. Уран хордуулдаг гэсэн мэдээллээр “тархиа угаалгасан” бид дотроо ихэд болгоомжилсон байж билээ. Ураны шар нунтгийг байгальд дэгдээвэл аюултай. Хүний ам, хамар луу орвол шууд л хордуулна. Тиймээс ямар ч хор хөнөөлгүй гэж басаж болохгүй. Гагцхүү Олон улсын атомын агентлагаас гаргасан стандарт, норм, дүрмийг чанд баримтлан олборлох шаардлагатай. Ингэсэн тохиолдолд сөрөг нөлөө үүсэхгүй гэдгийг бид “Катко”-гийн жишгийг хараад ойлгосон юм.

Зөөвч-Овоо нь “Катко” компанийн уран олборлож буй ордуудтай газар зүй, геологийн тогтцын хувьд төстэй. Тиймээс л “Катко”-гийн уурхайд хэрэглэж буй газар доор уусган олборлох технологи ашиглах гэж буй. Сэтгүүлч миний бие Казахстанаас ирээд “Дэлхийд тэргүүлэгч “Катко” буюу Монголоос уран олборлох жишиг” гэсэн гарчигтай тэмдэглэл бичсэн юм. Тус тэмдэглэлд газар доор уусган олборлох технологийн талаар нүдээр үзсэнээ “Ураныг газар доор уусган олборлохдоо 45 шоо метрийн багтаамжтай уусмал соруулах худгийг тойруулан 40-45 метр зайд 25 шоо метрийн багтаамжтай уусмал шахах зургаан худаг өрөмддөг аж. Нэг худаг нь голдоо байрлаж, бусад нь зургаан талт хэлбэрээр тойрсон энэхүү байгууламжаа торлол гэж нэрлэх. Торлолууд бие биеэсээ залган үргэлжилсээр үлэмж хэмжээний газар нутгийг бүрхсэн байв. Худгууддаа босоо хоолой угсарч, бэхлэн газар доорх дамжуулах хоолойтой холбон инженерийн шийдэл бүхий цооног бий болгодог аж. 50 цооногтой 12 торлолыг нэг блок нэрлэдэг гэнэ. “Катко” компанийн олборлолтын талбайд 40-45 блок нэгэн зэрэг ажилладаг гээд төсөөлөхөөр цооногууд олон га талбайг эзлэн буй нь ойлгогдов.

Хэдийгээр олон га газрын олборлолтын байгууламжууд эзэлдэг ч тэнд мал бэлчээрлэж, араатан амьтан дураар зорчдог аж. Цооногийн зөвхөн орой нь газраас цухуйж, хооронд нь холбосон хоолойнуудыг далд хэлбэрээр байгуулсан болохоор мал бэлчиж, амьтан чөлөөтэй зорчих орчин бүрджээ.

Ураныг газар доор уусган олборлох технологи нь энгийн санагдав. “Катко”-гийн үйлдвэрээс газар доогуурх хоолойгоор 10 орчим хувийн хүхрийн хүчил агуулсан уусмал (хүхрийн хүчил хольсон ус) шахдаг аж. Хүхэртэй уусмал газрын хөрсөнд нэвчин урсдаг байна. Ингэхдээ чулуулагт агуулагдаж буй ураныг уусган авдаг. Уран уусган авсан уусмалыг торлолын голд байгуулсан тусгай шүүлтүүр бүхий цооногоор соруулан авдаг байна. Шүүлтүүр нь уусмалтай холилдсон шороо, чулууг тээглүүлэн үлдээх үүрэгтэй. Соруулсан ураны агууламжтай уусмалаа газар доорх хоолойгоор үйлдвэр лүү “урсгадаг” аж. Үйлдвэрт уусмалаас ураныг ялгаж аваад уусмалыг газрын гүн руу шахах цооног руу буцаан урсгана.

Газрын гүний чулуулгаар урссан уусмалын хүхрийн хүчил саармагждаг (уусмалд хүхрийн хүчлийн эзлэх хувь багасдаг) учраас дахин урантай чулуулаг руу шахахдаа хүчил нэмдэг байна. Газрын гүн рүү хэдий хэмжээний уусмал шахна төдий хэмжээтэйг соруулж авдаг гэнэ. Хэдий хэмжээний уусмал шатах, соруулах, уусмалд хэр хэмжээтэй хүхрийн хүчил нэмэх зэрэг үйл ажиллагааг TUZ гэж нэрлэдэг гурван чингэлгээс бүтсэн удирдлагын байгууламжаас явуулдаг аж.

Ураныг газар доор уусган баяжуулах технологи нь хүхрийн хүчлийн уусмалын тасралтгүй эргэлдэх битүү тойрогт үндэслэснийг ийн мэдэв. Хүхрийн хүчилтэй уусмалыг газрын гүн рүү шахна, уусмал чулуулагт нэвчихдээ ураныг нь уусгаж авна, уран уусгасан уусмалыг соруулна, соруулсан уусмалаа үйлдвэр рүү шахна, тэнд ураныг давирхайд наалдуулан авч үлдэнэ, урангүй болсон уусмалыг буцаан газрын гүнд нэвчүүлэхээр олборлолтын талбай руу урсгана. Ийм л битүү тойргоор ураныг олборлодог аж. Хүхрийн хүчлийн уусмал газрын чулуулагт нэвчихдээ уран уусган авдаг нь энэ технологийн амин сүнс. Өөрөөр хэлбэл, хэдэн 100 метрийн гүнээс хүхрийн хүчилтэй уусмал ураныг олборлон газрын гадаргад гаргаж ирж байгаа юм” хэмээн буулгажээ.

Ураныг газрын гүнд уусган олборлох бүх дамжлагатай танилцаж, олборлолтын талбайд нь тэмээ бэлчээрлэж, хярс шогшиж явахыг харсан бид шар нунтаг гаргах нь энгийн үйл ажиллагаа юм байна гэдгийг ойлгож, Монгол минь үүнээс ухарч болохгүй гэсэн итгэл үнэмшил бүрэн суусан. “Катко”-гийн уурхайн олборлолтын бүс нэлээд том зай эзэлж байсан. Тэгвэл Зөөвч-Овоо ордыг 1.5 км урттай торлол үүсгээд олборлох юм байна. Ураны нөөц нь таруу биш, цул учраас ингэж олборлох гэнэ. Мөн Казахстаны ордуудаас олборлолтын зардал нь маш бага гэсэн мэдээлэл бий. “Катко”-гийн уурхай уран уусган олборлохын тулд 100 литр усанд 10 литр орчим хүхрийн хүчил хийдгийг дээр дурдсан. Тэгвэл “Бадрах энержи” 100 литр усанд хоёр литр хүхрийн хүчил хийж, уран олборлоно. Зарим их мэдэгчдийн хэлж буй шиг 100 хувь хүхрийн хүчил газрын гүн рүү шахахгүй. Маш идэмхий чанартай хорт бодисыг саармагжуулахгүй газрын гүн рүү шахвал аюул тарж мэднэ. 100 л усанд хоёр литр хүхрийн хүчил холино гэхээр их саармагжуулах нь ойлгомжтой.    

Улаанбадрах сумд уранаас хордож мал мутацад орж байна, найман хөлтэй ишиг төрлөө, хээрийн шувууд үхсэн гэх мэдээлэл гаргах нь тавилттай жүжиг юм. “Улаанбадрахын ураны хордлого” хэмээх цуврал “домог”-уудад итгээд Засгийн газар туршилтын үйлдвэрээ эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа юм уу. Хэрэв ийм зүйлд итгээд хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулбал Монголын хохь болно. Мардайн ордыг эзэмшиж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресорсез” компанийг Засгийн газар улс төрийн шийдвэрээр хөөж явуулсан удаатай. Нөгөөдүүл нь манайхаас 358 сая төгрөг нэхэмжилж, олон улсын арбитрийн шүүхэд хандсан. Арбитрийн шүүхээс 150 сая ам.доллар төлөх үүрэг манайханд хүлээлгэсэн. Улмаар тохиролцоонд хүрч 70 сая ам.долларыг төлсөн сургамж бий. “Хан ресорсез” 20 сая ам.долларын хөрөнгө оруулсан ч манайхаас хэд дахин нугалсан мөнгө авч чадсан. Францчууд Улаанбадрахад 240 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Хэрэв хөөж явуулбал үүнээс ч илүү мөнгө төлөх хэрэг гарна.

Нөгөөтээгүүр, “Бадрах энержи” нь Франц, Монголын  харилцааны 60-70 хувийг бүрдүүлдэг. Дулаан-Уул ордын анхны нөөц болон техник, эдийн засгийн үндэслэлийг 2003 онд батлахад Франц улс манайд Элчин сайдын яамаа нээж байх жишээтэй. Хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарын өөр хороондоо төрийн айлчлал хийсэн хугацаа ураны хайгуулын үйл явцын чухал шийдвэртэй давхацдаг. Энэ нь Францын Засгийн газар Монголоос уран олборлох хамтын ажиллагаагаа хэр чухалчилдгийг харуулдаг юм. Франц бол Европын Холбооны гол улсуудын нэг. Францтай муудвал Европын Холбоотой хамтрах олон хаалга хаагдаж мэднэ. Тохиролцоондоо үнэнч байвал олон шинэ хаалга нээгдэх боломжтой. Үүнийг мартаж болохгүй.       

Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, одоо хэрэгжүүлж буй стратегийн ганц том төсөл бол “Оюутолгой”. Үүнээс гадна гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, стратегийн том төсөл хэрэгжүүлэх компаниар “Бадрах энержи”-ийг нэрлэж болно. Энэ агуулгаар нь авч үзвэл Монгол Улсын гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлоготой яв цав нийцдэг юм. Магадгүй Монгол Улсыг нөлөөндөө, хараат байлгах гэсэн их гүрнүүдийн бодлого уранаа олборлоход тээг болоод байна гэж хардах үндэстэй. Монгол Улс яагаад цөмийн шинэ тоглогч болж болохгүй гэж. Бид ирээдүйд яагаад цөмийн цахилгаан станц барьж болохгүй вэ.

("Өнөөдөр" сонинд 2021 онд нийтлэгдсэн болно)

Т.Энхбат