А.Алтантүлхүүр: Санхүүгийн боловсрол бол хэн бүхний эзэмших ёстой мэдлэг

  • 2025/12/01 16:57


"Хадгаламжийн даатгалын корпораци"-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал А.Алтантүлхүүртэй ярилцлаа.

“Санхүүгийн боловсролтой хүн амьдралд хэзээч алзахгүй”

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу.
-Уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Алтантүлхүүр гэдэг. Би "Хадгаламжийн даатгалын корпораци"-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал албан тушаалтайгаар ажиллаж байна.

“Хадгаламжийн даатгалын тогтолцоо иргэдийн банканд 

итгэлийг нэмэгдүүлж байдаг”

-Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу.
-"Хадгаламжийн даатгалын корпораци" нь 2013 онд Банк дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн хүрээнд байгуулагдсан, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч ашгийн төлөө бус байгууллага. Хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг нь банк албадан татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас иргэн, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийн нийт 20 сая төгрөг хүртэлх мөнгийг нөхөн олгох үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн даатгал нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мөн иргэдийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай байгууллага хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлээд 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“Санхүүгийн мэдлэгээ тэлэх нь ирээдүйн баталгааг бий болгодог”

-Санхүүгийн боловсролын ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?
-Санхүүгийн боловсрол бол хүн бүрийн эзэмших ёстой суурь мэдлэг гэж би үздэг. Бид эрүүл мэнд, боловсролдоо анхаардаг шигээ санхүүгийн мэдлэг, хандлагаа байнга сайжруулж байх нь чухал.

“Санхүүгийн боловсролтой хүн аливаа нөхцөл байдалд ухаалгаар шийдвэр гаргаж, аливаа эрсдэлээс хэзээд өөрийгөө хамгаалж чадна.”

Манай байгууллага нь Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний хувьд иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд жил бүр “Дэлхийн мөнгөний долоо хоног”, “Дэлхийн хуримтлалын өдөр” хөтөлбөрүүдийг хамтрагч байгууллагуудтайгаа хамтран орон даяар зохион байгуулж ирсэн. Хамгийн сүүлд шинээр ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Level Up” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд чуулга уулзалт болон нөлөөллийн арга хэмжээг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Харин энэ онд бид аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд “Хуримтлалаар ирээдүйгээ бүтээе” уриан дор “Дэлхийн хуримтлалын өдөр–2025” аяныг амжилттай хэрэгжүүллээ.

“1,000 гаруй хүүхэд, залууст хуримтлал, хадгаламжийн ач 

холбогдлын талаарх мэдлэг олгов”

-Тус аяны хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?
-Аяны хүрээнд бид хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор нийслэл болон орон нутгийн боловсролын байгууллагуудад “Мөнгөө хэрхэн удирдах вэ” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна санхүүгийн боловсролын гарын авлагыг зорилтод бүлгийн онцлогт нийцүүлэн бэлтгэн гаргаж түгээлээ. Нийтдээ 1000 гаруй сурагч, оюутан хамрагдсан бөгөөд сургалтын үеэр:

  1. Мөнгөө өсгөх ухаалаг арга замууд,
  2. Хадгаламж, хуримтлалын ач холбогдол, даатгагдсан хадгаламжийн талаар мэдлэг, ойлголт өгсөн.

Эдгээр сургалт, үйл ажиллагаа нь ирээдүйн эдийн засаг, санхүүгийн ухамсарт иргэдийг төлөвшүүлэх ач холбогдолтой.

"Хадгаламжийн даатгалын корпораци  хүүхэд, залууст хуримтлуулах дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг сургалт, олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд олгодог уламжлалт тогтоод 10 гаруй жил болж байна" 

-Хүүхдүүд хэрхэн хүлээж авч байна вэ. Тэдний сэтгэгдэл ямар байсан бэ?

-Бид ерөнхийдөө зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа. Дээрх сургалтуудын гол зорилт нь сургалтад хамрагдсан хүүхэд, залуус бид санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн боловсролтой байхаас гадна мөнгөө хуримтлуулах хэрэгтэй юм байна гэдэг мессежийг түгээхийг хүссэн. Хүүхдүүд ч сайн ойлголттой болсон гэж үзэж байгаа.