Жижиг хувьцаа эзэмшигчээ “дээрэлхдэг” Ц.Баатарсайхан

  • 2025/11/24 12:34

Монголд жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг дордуулах, хохироох тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлчийн тодорхой жишээ нь “Говь” хувьцаат компани боллоо. Тус компани хэлбэрээрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болохоо олон нийтэд өнгөрсөн есдүгээр сард зарласан нь жижиг хувьцаа эзэмшигчдийг нь алмайруулж орхив. Ноолууран бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа учир “Говь”-ийн хувьцааны ханш өсөж таарна гэж жижиг хувьцаа эзэмшигчид нь хүлээж байлаа. Нөгөөтээгүүр үндэсний брэнд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийнхаа хувьцааг эзэмшигч байя гэсэн өөриймсөг бодол заримд нь байсан. Гэвч “Говь” компанийн дийлэнх буюу 85 хувийн хувьцааг эзэмшигч Ц.Баатарсайхан “Та нартай хамтарч ажиллах боломжгүй боллоо. “Говь” компанийг би ганцаараа эзэмшмээр байна. Надад хувьцаагаа зарчих” гэх нь тэр. Энэ тохиолдолд өөдрөг хүлээлттэй байсан жижиг хувьцаа эзэмшигчид алмайрах нь зүй.

“Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа эзэмшигчид олон жил хохиролтой явж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос гомдол гаргаж, шүүх дээр ялалт байгуулсан ч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх дээрдээгүй. “Анод”, “Зоос” банк гэх мэт дампуурсан компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид том хөрөнгө оруулагчдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон. Том хөрөнгө оруулагчдийнхаа ноёлол дор явж, хөрөнгө оруулалтын бодит өгөөжөө хүртэж чаддаггүй жижиг хувьцаа эзэмшигчдийн жишээ олон бий. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц “Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана. Цаашдаа ч энэ талаар тодорхой арга хэмжээнүүд авна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахгүйгээр хөрөнгийн зээлийг хөгжүүлэх талаар ярилтгүй” гэв.

Үнэхээр ч жижиг хувьцаа эзэмшигчиийн эрх жирийн хэрэг биш. Хэдийгээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид чухал ч мянга мянга, сая сая жижиг хөрөнгө оруулагч хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөгч болж байдаг. “Говь” компани гэхэд 25 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл ийм олон хүний эрх ашиг ганц Ц.Баатарсайхан гэж хүний хүсэл зоргоор хөндөгдөж байна. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооноос хязгаарлагдмал хариуцлагатай компани болох санал гаргасан “Говь” компанид үйл ажиллагааны шалгалт хийж, олон зөрчил илрүүлсэн тул хуулиар олгосон эрхийн дагуу хэлбэрээ өөрчлөх явцыг нь зогсоожээ.

Өнөөдрийн байдлаар “Говь” компанийн хувьцааны ханш 221 төгрөг байна. Тус компани 780.11 сая ширхэг хувьцаа гаргасан. Тиймээс зах зээлийн үнэлгээ нь 174.5 тэрбум төгрөг болжээ. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харвал “Говь” компани 2022 оноос хойших санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлээгүй байна. Уг нь хуулийн дагуу санхүүгийн тайлангаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулж тогтмол мэдээлж байх үүрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах гол үндэс нь компанийн үйл ажиллагааны талаар том хөрөнгө оруулагчтайгаа жижиг хувьцаа эзэмшигч адил мэдээлэл авдаг байх явдал юм. Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтын мэдээллээс “Говь” компанийг сүүлийн зургаан жил ашиггүй ажилласныг жижиг хувьцаа эзэмшигчид нь олж мэдлээ. Эл компанийн хувьцааны ханш 2021 онд 325 төгрөг байсан бол түүнээс хойш байнга “урууджээ”. Нэгэн үнэт цаасны компанийн захирал “Дөрвөн жилийн өмнө “Говь”-ийн ноолууран пальто 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан. Одоо 2.5 сая төгрөгийн үнэтэй болсон. Жуулчдын тоо өсөх, дотоодын эдийн засаг сэргэхийн хэрээр энэ компанийн борлуулалт нь нэмэгдсэн. Гэтэл хувьцааных нь ханш унаад байгаа нь том “но”-той байсан” гэж ярилаа. 

Хувьцааных нь ханш унаж, жижиг хувьцаа эзэмшигчдийн нь эрх ашиг хөндөгдсөн шалтгааныг Санхүүгийн зохицуулах хорооныхон тогтоожээ. “Говь”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2019 онд “Гоёо” компанийн хувьцааг “Таван богд холдингс”-оос 15 сая ам.доллараар худалдан авах шийдвэр гаргасан. Мөн оны долоо, наймдугаар сард “Гоёо”-гийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” компанид шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн байна. Эл шийдвэрийн дагуу “Говь” компани 2019-2024 онд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл, нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг банк, санхүүгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжид төлж барагдуулсан байна. 

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо”-гийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн. Мөн “Гоёо” компанийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн, хувьцаа эзэмшигчдийн эрхийг дордуулсан гэж Санхүүгийн зохицуулах хорооноос үзжээ. Тус компанийн 2025 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа аж. 

“Говь” компани 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх болон эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүний 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулжээ. Харин бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй. Энэ нь бол маш “но”-той асуудал. Тодруулбал, “Говь”-ийн нэрийг барьж авсан 155 тэрбум төгрөгийн зээл хаашаа орсон нь тодорхойгүй гэсэн үг. Энэ талаар жижиг хувьцаа эзэмшигчдэд ямар ч мэдээлэл өгөөгүй нь ойлгомжтой. 

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” компанид хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх үүрэг даалгавар өгчээ. “Гоёо”-г худалдаж авсанаар “Говь”-ийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ үлэмж хэмжээгээр нэмэгдэх учиртай. Одоогоор энэ компанийн зах зээлийн үнэлгээ хөрөнгийн болон бизнесийн үнэлгээнээсээ доогуур орсон байх магадлалтай. Хувьцааных нь үнэ хямд байгаа энэ үед тендер санал зарлаж, цуглуулж авах нь Ц.Баатарсайханд ашигтай. Харин хувьцааных нь ханш өснө, ногдол ашиг хуваарилдаг болно гэж итгэж хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдэд хохиролтой. “Гоёо”-г “Говь” компанитай нэгтгээгүй мөртлөө худалдаж авсан болон өрийг нь төлсөн, хөрөнгө оруулсан компанийнх нь нэрийг барьж авсан зээлийнх дийлэнхийг зориулалтыг бусаар ашигласныг сонссон нэгэн хувьцаа эзэмшигч “Хөрөнгөтнүүд ямар хөгийн байдаг юм бэ” гэж шүүрс алдсан билээ.