Цахим залиланг бууруулах "Хашир бай" аяныг эхлүүллээ
- 2025/11/20 15:50
Санхүүгийн зохицуулах хороо нь иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх чиг үүргийнхээ хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, санхүүгийн салбарын 11 мэргэжлийн холбоотой хамтран цахим залилангийн гэмт хэргийг бууруулах, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх нэгдсэн арга хэмжээ “Хашир бай” аянг улсын хэмжээнд эхлүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд цахим болон санхүүгийн залилангийн тоог 2030 он гэхэд гурав дахин бууруулах, иргэд олон нийтийн хуурамч мэдээллийг таних чадварыг 20 хувиар нэмэгдүүлэх зорилготой. Ингэхдээ цахим орчин дахь санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, мэдээллийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэх, үүрэн холбооны операторуудтай хамтран сэжигтэй линк, дуудлагыг автоматаар хаах зэрэг кибер аюулгүй байдлын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, олон нийтийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт 41,844 гэмт хэргийн 14,694 буюу 35.1 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг нь 10,637 бөгөөд үүний 85.3 хувь нь санхүүгийн залилах гэмт хэрэг бөгөөд нийт 19.1 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн дийлэнх нь фэйсбүүк хаяг ашиглаж мөнгө шилжүүлэхийг хүссэн, телеграмаар даалгавар биелүүлж ашиг олохыг амлах, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр мэдээлэл авах зэрэг хэлбэр эзэлдэг аж.

