Төгрөгийн ханш голлох валютуудын эсрэг суларсаар байна
- 2025/10/17 17:45
Монголбанкнаас 2025 оны есдүгээр сард зарласан дунджаар голлох гадаад валютын эсрэг төгрөгийн ханш суларсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2025 оны есдүгээр сард 3593.8 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 212.8, өмнөх сарынхаас 1.7 төгрөгөөр суларсан үзүүлэлт аж. Мөн төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2025 оны есдүгээр сард 4216.51 болов. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 462.7, өмнөх сараас 37.6 төгрөгөөр суларсан үзүүлэлт юм байна.
Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2025 оны есдүгээр сард 43.38 төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 6.4 төгрөгөөр суларч, өмнөх сараас 1.5 төгрөгөөр чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2025 оны есдүгээр сард 504.4 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.8, өмнөх сарынхаас 3.7 төгрөгөөр суларсан байна.