Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
- 2025/09/16 17:07
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны есдүгээр сарын 15-16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Жилийн инфляц 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарсан байна. Инфляц энэ оны хоёрдугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатайгаар хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч наймдугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй өндөр байсан нь хүнсний инфляцыг өмнөх сараас нэмэгдүүлсэн аж. Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд "Ирэх 2-3 сард хүнсний үнийн нөлөөгөөр инфляц нэмэгдэж болзошгүй байгаа ч цаашид алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох хүлээлттэй байна. Гэвч Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй.
Эдийн засаг хүлээлтийн орчимд буюу 2025 оны эхний хагаст 5.6 хувиар өслөө. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбарын өсөлт бүрдүүлж байна. Оны сүүлийн хагаст зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад улс орнууд хоорондын худалдааны хэлэлцээрүүд хийж, АНУ-ын тарифын түвшин анх зарласан дүнгээс доогуур тогтож, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гүйцэтгэлээр бага зэрэг сайжруулсан боловч тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Энэхүү бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ" гэж дурджээ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.