Монгол Улсын эдийн засаг 5.6 хувиар өслөө

  • 2025/08/20 12:33


Монголын Улсын эдийн засгийн хэмжээ буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг оны үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцож үзвэл 2025 оны эхний хагас жилд 40.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад 3.3 их наяд төгрөг буюу 8.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг ийнхүү тэлэхэд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 1.5 (43.5%), үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.9 (12.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2015 оны зэрэгцүүлэх үнээр, үйлдвэрлэлийн аргаар тооцож үзвэл 2025 оны эхний хагас жилд 15.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад 811.8 тэрбум төгрөг буюу 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдийн засгийн бодит өсөлтийг 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцож буй. Тиймээс Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн гэсэн үг. Эдийн засгийн бодит өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 514.3 (35.6%), үйлдвэрлэл, барилгын салбарынх 148 (9.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2023 оны эхний хагас жилд 6.7, 2024 оны эхний хагас жилд 5.7 хувиар өсөж байжээ.