Хувьцаат компанийн хувьцааны төвлөрлийг багасгах бодлого баримтална

  • 2025/06/12 11:31

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагууд биржийн хоёр, гуравдугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын гүйцэтгэх захирал болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдтэй уулзалт хийжээ. Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан болон Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн нар оролцсон байна.

Тус уулзалтаар 1991 оноос хойш өмч хувьчлалын хэлбэрээр бий болсон хувьцаат компаниудад хувьцааны төвлөрөл, хууль, журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хэлэлцэж, биржийн зүгээс холбогдох судалгаанд үндэслэн жил бүрийн санхүүгийн үзүүлэлт, тайлагналд дүн шинжилгээ хийсэн тойм мэдээллүүд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар МХБ-д бүртгэлтэй (1,2,3 дугаар ангилал) нийт 164 хувьцаат компаниас мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилтийн хангалтыг авч үзжээ. Ингэхэд хангалттай 63, бүрэн бус 66, хангалтгүй 35 хувьцаат компани байгаа аж. Эдгээрээс 86 хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны 85-аас дээш хувь нь цөөн тооны нэгдмэл сонирхолтой иргэдэд төвлөрч, үлдсэн 15 хүрэхгүй хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд буюу зах зээл дээр арилжигдах боломжтой гэнэ.


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн энэ үеэр “Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны идэвхжилийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчид, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Биржид бүртгэлтэй хоёр, гуравдугаар ангиллын компаниудаас үүргийн хэрэгжилтээ хангахгүй компаниуд цөөнгүй байгаа учраас хөрөнгө оруулагчдыг энэ зах зээлд орж ирэхийг уриалахад хүндрэлтэй байдаг. Тиймээс эдгээр компаниудад хууль, эрх зүйн хүрээнд холбогдох байгууллагуудаас тавьдаг шаардлага шалгуурыг хангах чиглэлд бүх талаар дэмжиж ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдье. Үүний дараа шаардлага, шалгуураа хангасан зарим компани биржийн гуравдугаар самбараас хоёр, хоёрдугаар самбараас нэгдүгээр самбар руу орж ажиллах, эсвэл зарим компани эргээд хаалттай компани болох эрх нь нээлттэй” гэв.

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зүгээс цаашид дараах алхмуудыг авч хэрэгжүүлэхээ танилцуулсан. Үүнд:

-Компанийн засаглалыг сайжруулах: Хөрөнгийн биржид бүртгэлтэй II, III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах

-Төвлөрлийг багасгах: Жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх хувьцааны төвлөрлийг багасгах талаар бодлого хэрэгжүүлэх

-Үүргийн хэрэгжилтийг сайжруулах: Хууль, журамд заасан мэдээ, мэдээллийг хугацаандаа ирүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах

-Зах зээлийн үнэлгээ: Дансны болон зах зээлийн үнэ зөрүүтэй компаниудын үнэлгээг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн МХБ-ийн хоёр, гуравдугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөллийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэд тусгах санал санаачилга, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаар бичгээр болон шууд саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа ярилцсан байна. Уулзалтад нийт 50 гаруй хувьцаат компанийн төлөөлөл оролцжээ.