“Level-UP” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
- 2025/06/03 16:27
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хэрэгжүүлсэн, ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох зорилготой “Level-UP” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар хамтран Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймаг болон нийслэлийн зургаан дүүрэгт хэрэгжүүлжээ.
Хагас жилийн хугацаанд зохион байгуулсан уг хөтөлбөрт нийт 5033 сурагч, 149 багш хамрагдсан бөгөөд сурагчдад мөнгийг оновчтой удирдан санхүүгийн зөв шийдвэр гаргаж сурах, зүй зохистой хэрэглээнд дадах, эрсдэлийг үнэлэх чадвартай, ирээдүйд санхүүгийн хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх үндэс суурийг тавьж өгсөн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.
Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймаг болон Нийслэлд 2025 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 21-ний хооронд зохион байгуулсан. Нээлтийн арга хэмжээнд нийт зургаан аймгийн 74 багш, 2210 орчим сурагчид, нийслэлийн 75 багш, хөтөлбөрт хамрагдах 1200 гаруй сурагчдын төлөөлөл оролцсон аж. Тус арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс санхүүгийн мэдлэг сорих Khahoot-ын асуулт, хариултын тэмцээнд амжилттай оролцсон нийт 160 сурагчдад 50,000 төгрөгийн “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг олгосон байна.
Энэхүү хөтөлбөрийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх явцад сургагч багш нарыг бэлтгэх, үе тэнгийн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, сошиал орчинд санхүүгийн боловсролыг түгээх рийлс болон бичлэгийн уралдаан, “Санхүүгийн мэдлэг-бидний амьдралд” сэдэвт мэтгэлцээний тэмцээн, танхим болон цахим сургалтыг хослуулсан олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Дээрх үйл ажиллагаанд оролцогчдын идэвх, оролцооны түвшин, бүтээлч байдлыг харгалзан уралдаант шалгаруулалтын зарчмаар үнэлж, шилдэг оролцогчдыг тодруулсан байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний дүнгээр дараах багш, сургуулиуд болон аймаг, дүүргүүд шилдгээр шалгарчээ.
Орхон аймаг дахь хаалтын арга хэмжээ. 2025.05.19
Говь-Алтай аймаг дах хаалтын арга хэмжээ. 2025.05.21
19