“Level up” хөтөлбөр Булган, Орхон аймагт хаалтаа хийв

  • 2025/05/19 16:22

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймагт болон нийслэлийн зургаан дүүрэгт хэрэгжүүлжээ. Хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрт нийт 5033 сурагч, 149 багш хамрагдсан байна. Ингэхдээ уралдаант шалгаруулалтын зарчмаар явж, энэ сард үр дүнгээ гаргаж байгаа аж. 

Уг хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр Орхон, Булган аймагт зохион байгуулжээ. Тус хаалтын арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийг төлөөлөн Хөрөнгийн удирдлага, Хяналт шалгалтын газрын захирал Б.Мөнхжаргал хүндэт зочдын хамт, шагнал гардуулах ёслолд оролцсон байна. Булган аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр нийт гурван багш, нэг сургууль шилдгээр тодорсон бол, Орхон аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр дөрвөн багш, хоёр сургууль шалгарч, аймгийн дүнгээр “БҮТЭЭЛЧ АЙМАГ” цомын эзэн болов.