“Баянхөндий” алтны төслийн хөрс хуулалт удахгүй эхэлнэ
- 2025/05/19 12:41
“Эрдэнэ ресурс девелопмент корпораци” нь 2025 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Мөн “Монголиан майнинг корпорэйшн” (ММС)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төслийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж буй юм.
“Эрдэнэ ресурс”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “2025 оны нэгдүгээр улиралд Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтийн хүрээнд манай баг хамт олон ихээхэн ахиц дэвшил гарган ажиллалаа. 2025 оны гуравдугаар улиралд анхны алтыг олборлох төлөвлөгөөний дагуу төслийн гүйцэтгэл 92 хувьтай, төслийн талбайд одоогоор 700 гаруй ажилтан ажиллаж байна. Бид төслийн эхний 10 байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн ба хоёрдугаар улиралд үлдсэн дэд бүтцийн байгууламжуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээжээ.
Тэднийх одоогоор ажилтнуудын кемпийн цогцолбор, 240 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон лабораторийг улсын комисст хүлээлгэж өгчээ. Харин боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц 90 хувьтай байгаа агаад шугам хоолой, цахилгаан болон багаж тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, туузан дамжуулагч, бутлах болон нунтаглах хэсгүүдийн угсралтыг бүрэн дуусгах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Үүний зэрэгцээ уурхайн тоног төхөөрөмж төслийн талбайд ирж эхэлсэн ба операторуудын сургалт, хөрс хуулалтын ажил удахгүй эхлэх гэнэ.