"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
- 2025/04/28 17:57
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. “Эрдэнэс Тавантолгой” компани 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулан, 10.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, нийт хувьцаа эзэмшигчдэд 2024 оны цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсныг тайланд онцоллоо. Мөн 2021-2022 онд дотоодын зах зээлд гарсан ЭТТ-бондын төлбөр 981.6 тэрбум төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдуулсан, нийгмийн хариуцлага хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр 2024 онд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн түүхэн амжилттай ажилласан жил байсныг онцлон тэмдэглэв.
Хуралд оролцогчид компанийн ТУЗ болон удирдлагын бүрэлдэхүүнээс ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох тухай, компанийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилах болон бусад асуудлаар нээлттэй асуулт асууж хариулт авсан. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй зохион байгуулав.