"Хангарди" үндэсний шагайн харвааны тэмцээн эхэллээ

  • 2025/04/28 16:27

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо. Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж, Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр "Монгол Улсын Их Хурал 2022 оны зургадугаар сарын 18-нд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулан, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа энэ хуулийг төслийг боловсруулахад гар бие оролцсон байдаг. 

Өнөөдөр энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанаруудыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах нь зүйд нийцнэ. Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Өнөөдрийн энэ арга хэмжээнд 1990-ээд оноос хойших хамгийн олон баг, тамирчид оролцож байгаад гүн талархаж байна. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт" хэмээгээд, нээлтийн эхний харвааг хийв.

Мөн ИТХ-ын Хүндэт тэмдгийг гурван үеийн харваачдад гардууллаа. “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээн Нийслэлийн төв асарт гурван өдрийн турш үргэлжилнэ.

 Эх сурвалж: НИТХ-ХМОНХА