Ураны салбарт Казахстанаас авах сургамж

  • 2025/01/13 14:52

Монголчууд Казахстантай барьцах дуртай. ЗХУ-ын нөлөөнд байсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байж байгаад зах зээлийн нийгэмд зэрэг шилжсэн, далайд гарцгүй Төв Азийн улс, нүүдэлчин гэх мэт түүх, газар зүй, угсаатны ижил төстэй байдал Монгол, Казахстан хоёрт бий. Тиймээс ч монголчууд “Нэг гараанаас зэрэг хөдөлсөн Казахстан улс биднээс илүү хурдтай хөгжиж байна” гэж ярьдаг. Үнэхээр ч наран шингэх зүгийн саахалт айл маань хөгжлөөрөө Монголоос тасраад явчихсныг олон үг нуршилгүй цөөн тоо дурдахад л хангалттай ойлгогдоно. 300 тэрбум ам.долларт дөхөж буй эдийн засагтай Казахстан улс дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ эхний 50-д эрэмбэлэгдэж байна. Харин одоо л 20 тэрбум ам.доллар хүрч буй эдийн засагтай Монгол дэлхийд 120 хавьд гэлдэрч явна. 

Казахстан улс 2050 онд дэлхийн таван том гүрний нэг болно гэсэн тодорхой, том амбийцтай. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлж буй. Урт хугацааны хөгжлийн бодлого нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, амьдралын чанараараа Ази тивдээ тэргүүлэгч улс болно гэсэн даруухан зорилготой. Юутай ч манайхан “Алсын хараа-2050”-д тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх эхний алхмуудаа хийж эхэлсэн нь сайн хэрэг. “Алсын хараа -2050”-д цөмийн цахилгаан станцтай улс болох зорилт бий.

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт Францын “Орона майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхээ УИХ-аас авлаа. Хоёр тал хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Орд ашиглах гэрээ байгуулна. Гурван гэрээг энэ онд багтаан байгуулсны дараа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоогийн ордоос уран олборлох уурхайн бүтээн байгуулалтаа бодитойгоор эхлүүлнэ. Бүтээн байгуулалт 2028 онд дуусаж анхны шар нутгаа экспортолно гэж тооцож байна. Тэр цагт Монгол Улс баттай цөмийн шинэ тоглогч болох юм. Мөн 1984 оноос хойш дахин уран олборлож эхэлнэ гэсэн үг.  

Одоо нэрээ “Орона майнинг” болгож өөрчилсөн Францын “Арева” компани анх 1997 онд ураны хайгуул хийх зөвшөөрөл Монголын Засгийн газраас авч байжээ. Тэгвэл 31 жилийн дараа анхны шар нунтгаа экспортлох нь. “Арева” компани анх 2007 нөөцөө батлуулж байсан. Нөөцөө батлуулсны дараа шууд туршилт хийгээд, уурхайгаа байгуулсан бол 2010-2011 онд шар нунтаг экспортлох боломжтой байв. Ийнхүү бараг 20-иод жилийг алдаж байна. Ийм урт хугацаа алдахад манайхны хойрго, унхиагүй байдал ч нөлөөлсөн байх. Оросуудын явуулга ч тушсан байх.  

Мөнөөх бидний барьцах дуртай Казахстан олон улсад номер нэг уран экспортлогч болсон. Ингэхдээ ураны салбарт ОХУ-аас өөр олон тал хөрөнгө оруулалт татахыг бодлого баримталж, хэрэгжүүлсэн байдаг. Одоо ураны 14 уурхай ажиллаж байгаагийн гурав нь Казатомпромын 100 хувийн мэдлийнх. Бусад 11 нь ОХУ, Франц, Хятад, Япон, Канад Улсын компаниудтай хамтран байгуулсан уурхай аж. Казахстаны Засгийн газар ураны зах зээлд идэвхтэй ажиллах зорилгоор 1997 онд Казатомпром компанийг байгуулж байжээ. Тус компанийг 1999-2009 онд удирдсан Мухтар Жакишевын үед уран хамтран олборлох бараг бүх гэрээг байгуулж чаджээ. Ингэснээр Казахстаны уран олборлолт найм дахин нэмэгдэж, дэлхийд тэргүүлж эхэлсэн.  

Мухтар Жакишевыг 2009 онд төрийн өмчийг завшсан, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр баривчилж, 14 жилийн ял оноосон. Үүнд оросуудын оролцоо байсан нь хожим дэлгэгдсэн тусгай албадын баримтаас харагдсан байдаг. Оросууд Казахстаны ураны салбарыг нөлөөлөлдөө байлгах гэж хичээдэг нь нууц биш. Тиймээс Казахстаны ураны салбарт олон тоглогч оруулж ирсэн Мухтар Жакишевтэй тооцоо бодсон хэрэг. Оросууд Монголын ураны салбарыг мэдэлдээ байлгах сонирхолтой нь илэрхий болсон. Францтай хамтран уран олборлох санаачилга олон жилээр саатсан нь ч оросуудын явуулгатай холбоотой. Мухтар Жакишевын хувь заяаг Монголын хэн нэгэн дайрч гарахыг үгүйсгэж болохгүй юм.

Монгол Улс 192 мянган тонн ураны батлагдсан нөөцтэй. Цаашдаа ч ураны нөөц нэмэгдэх бүрэн боломжтой. Казахстан 700 мянган тонн ураны нөөцтэй. Манай ураны нөөц багад тооцохгүй. Одоогоор манайх гурван аймагт ураны ашиглалтын найман тусгай зөвшөөрөл, нэг хайгуулын зөвшөөрөл олгоод байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас Францын “Орона майнинг” уран олборлох нь тодорхой боллоо. Тэгвэл Дундговь аймагт Монгол, Чехийн хамтарсан “Гурван сайхан” компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Дорнод аймагт ураны дорнодын бүлэг орд бий. Дорнодын бүлэг орд нь Гурванбулаг, Мардай, Нэмэр, Дорнод, Улаан гэсэн хэсгээс бүрддэг. 

Гурванбулаг, Улаан хэсэг нь Хятадын “Шинь шинь”, Мардай нь дотоодын хөрөнгө оруулалттай “Адамас майнинг” компанийн мэдэлд бий. Хамгийн их нөөцтэй Дорнод хэсэгт нь оросууд тусгай зөвшөөрөлтэй. Тэгэхээр одоогоор Монголын ураныг ОХУ, Хятад, Франц, Чех хөрөнгө оруулж олборлох сонирхолтой байна гэсэн үг. Манай ч Казахстантай адил ураны салбарт олон талт хөрөнгө оруулалт татах бодлоготой байгааг үүнээс харж болно.

Казахстаны ерөнхийлөгч К.Токаев манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ ураны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлсэн. Казахууд ураны хайгуулын зөвшөөрөл аваад хурдтай ажиллах эхлэх сонирхолтой байгааг мэргэжилтнүүд дуулгаж буй. Ураныг газар доор уусган олборлох технологийг Франц, Канад улс эзэмшдэг. Харин казахстанчууд олон жилийн олборлолтын туршлагын хүрээнд газар доор уусган олборлох технологийг илүү сайжруулж, төгөлдөржүүлсэн гэдэг. Тэд уран олборлож сурсан эрдмээ хэрэгжүүлэх, гадаадад хөрөнгө оруулах цэгээ Монгол гэж харж байгаа нь дамжиггүй. Бид Казахстанаас ураны ордуудаа цаг алдалгүй, хурдтай эргэлтэд оруулсан туршлагаас нь суралцах хэрэгтэй. Тэдний Оросын явуулгыг даван гарсан туршлагыг нь хэрэгжүүлэх ч болох юм. 

Уран олборлох галт тэргийг “Орона” хөдөлгөлөө. Хэрэв энэ чиглэлд илүү амбийцтай ажиллах бодолтой байгаа бол бусад хамтрагчтайгаа тохиролцоонд хүрч, дараагийн ордуудаа яаралтай ашиглаж эхлэх нь чухал. Нэг ордыг ашиглалтад оруулах гэж 20 жил дунших нь өнөөгийн дэлхийн нийтийн хөгжлийн хурдтай нийцэхгүй нь мэдээж. Хэчнээн хурдтай ажиллаж чадна төдий богино хугацаанд Монгол цөмийн шинэ тоглогч гэсэн байр сууриа дархлаажуулж, утаа гаргадаггүй цөмийн цахилгаан станцтай улс болох юм. Хамгийн чухал нь уран нь улс орны тусгаар тогтнолын баталгааг хангадаг стратегийн түүхий эд билээ.  

Т.ЭНХБАТ