Комплайнсын эрсдэлийн үнэлгээний талаар хэлэлцлээ
- 2024/12/09 22:48
Компанийн засаглалын тогтолцоо, комплайнсыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь аливаа компанийн урт хугацааны тогтвортой хөгжил цаашлаад санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангагч суурь нөхцөл юм. Иймд Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбарын комплайнсын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, комплайнсын эрсдэлийг үр дүнтэй удирдах, байгууллагын соёлыг бий болгох, түүнийг хэвшүүлэх зорилтын хүрээнд нэлээдгүй ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг болох “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийн удирдлага нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 6-нд зохион байгууллаа.
Даатгагч, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн 80 гаруй төлөөлөл оролцсон энэ удаагийн хэлэлцүүлгээр “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийн үнэлгээ, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл ба боломжууд, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид компанийн засаглалын зохицуулалтын орчин, ялангуяа кодекс болон эрсдэлийн үнэлгээний аргачлалыг манай орны туршлага, бусад орны сайн жишигт нийцүүлэн тогтмол боловсронгуй болгох зорилгоор тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд үр дүнтэй мөн гарц, шийдэл бүхий хэлэлцүүлгийг цаашид тогтмол зохион байгуулах хүсэлтээ энэ үеэр илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо