Төлбөр тооцооны "Apple pay" үйлчилгээ Монголд нэвтрүүлжээ
- 2024/12/10 12:00
Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн системийг бүхэлд нь удирдан зохион байгуулж, төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай төлбөрийн системийн дэд бүтэц, техник технологийн бэлэн байдлыг хангаж, улмаар тухайн дэд бүтцэд тулгуурлан иргэдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэхэд чиглэсэн арилжааны банкууд болон финтек байгууллагуудын хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж байгаа аж.
Тухайлбал, олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монголбанк "Голомт", Худалдаа, хөгжлийн банктай хамтран технологийн хувьд дэлхийд тэргүүлэгч Apple компанийн “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. “Apple Pay” үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компанийн ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог гэнэ.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байгаа нь манай улсын иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам болсныг Монголбанкныхан онцлон тэмдэглэв. Мөн түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломж бүрджээ.
Цаашид Монголбанкны зүгээс банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төлбөр тооцооны дэвшилт шийдлийг нэвтрүүлэх ажлыг улам дэмжин ажиллахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Монголбанк