Төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ
- 2024/12/02 14:03
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан.
УИХ-ын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар есдүгээр сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан.
Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.